Гомдол
Б.Энхболд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийн хэрэгжилтэд бүхэлдээ чиглэж байна

Б.Энхболд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийн хэрэгжилтэд бүхэлдээ чиглэж байна

2025.04.10 113
Сонсох

Хууль зүй, дотоод хэргийн яам,  Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Өмгөөлөгчдийн холбоо хамтран “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэг” санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлэгт Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Т.Энхбаяр, МӨХ-ны мэргэшлийн хорооны дарга өмгөөлөгч Д.Батсүх болон хуульч, өмгөөлөгчдийн төлөөлөл оролцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчийн оролцоог нэмэгдүүлэх замаар хүний эрхийг хамгаалах  зэрэг асуудлаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд “Өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх: Бодлого, сорилт, шийдэл” сэдвээр илтгэлдээ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын стратеги төлөвлөгөөнд шударгаар шүүлгэх эрхийн баталгааг хамгаалах, бүрдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд халдашгүй чөлөөтэй байх эрхийн хэрэгжилтийг тусгаж, УИХ-д танилцуулснаар УИХ-ын 2023 оны 35 дугаар тогтоол батлагдсан.

Тус тогтоолоор халдашгүй чөлөөтэй байх эрхийн талаар 9 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр цагдан хорих, сэжигтнийг баривчлах, процесс, оролцогчдын эрхийг хангах, гомдол гаргах, өмгөөлөгч, хууль зүйн туслалцаа авах, төрийн байгууллагуудын үүрэгтэй холбоотой 100 зүйл, заалт бүхий зохицуулалт орсон нь хүний эрхийг хамгаалахад тодорхой ахиц дэвшил гарсан.

Хууль батлагдах явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн мэтгэлцээн, тэгш байдлыг хангах, оролцогчдын эрхийг хангах чиглэлээр 14 арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг УИХ-ын 2024 оны 18 дугаар тогтоолоор Засгийн газарт даалгасан. Үүнтэй холбогдуулан дээрх хуульд нэмэлт өрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийн хэрэгжилтэд бүхэлдээ чиглэж байгааг тэрбээр онцлон тэмдэглэлээ.