Гомдол
КОВИД-19 цар тахлаас гамшгаас хамгаалах тогтолцоо ямар сургамж авах вэ?

КОВИД-19 цар тахлаас гамшгаас хамгаалах тогтолцоо ямар сургамж авах вэ?

2025.04.08 107
Сонсох

Онцгой байдлын ерөнхий газраас гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтай хамтран “Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-ний төслийг боловсруулж, уг төслийг сайжруулах хэлэлцүүлгийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, Судалгаа, дүн шинжилгээ хариуцсан референт Н.Золжаргал нар КОВИД-19 цар тахлын үеэр гарсан хүний эрхийг хязгаарлах арга хэмжээний сургамж, тэдгээрт үндэслэж Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусгах арга хэмжээ, асуудлыг танилцуулж, харилцан санал солилцсон.

ХЭҮК нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20, 21 дэх илтгэлд КОВИД-19 цар тахалтай холбоотой хүний эрхийн асуудлыг тусгаж, УИХ-д танилцуулсан.

УИХ-аас Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан 2022 онд гаргасан 49 дүгээр тогтоолыг баталж, тус тогтоолоор “Засгийн газрын 2015 оны 416 дугаар тогтоолоор баталсан "Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө"-г Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг авч, шинэчлэн батлах”-ыг Засгийн газарт даалгасан юм.

Засгийн газраас УИХ-ын 49 дүгээр  тогтоолын дагуу Монгол Улсын шадар сайдаас Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний төслийг боловсруулан, ХЭҮК-оос холбогдох санал авахаар 2024 оны 03 дугаар сард ирүүлсэн.

Төлөвлөгөөний төсөлд 4 чиглэлд хамаарах 27 арга хэмжээг тусгуулах саналыг Комиссын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01/03 дугаар зөвлөмжөөр Монгол Улсын шадар сайдад хүргүүлсэн. Тухайлбал, дараах асуудлуудыг тус зөвлөмжид тусгасан. Үүнд:

  • Нийтийг хамарсан, удаан үргэлжлэх, хор уршиг ихтэй, ноцтой гамшигт байдал, ослын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэхэд ХЭҮК хяналт тавих, дүгнэлт гаргах механизмыг тусгах, гамшиг, осол бүрийн дараа гамшгаас хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөг үнэлэх, тогтмол сайжруулах, гамшгийн хариу арга хэмжээний шийдвэр гаргах, хандив тусламжийг хуваарилахад ил тод байдлыг хангах, аудит, АТГ зэрэг байгууллагыг хяналт тавих зохицуулалтыг тусгах;
  • Тусламж үйлчилгээ үзүүлэхдээ ялгаварлан гадуурхахгүй байх, эмзэг хүн амын бүлгийг тодорхойлж, бодит нөхцөл байдалд нийцсэн арга хэмжээ хэрэгжүүлэх,  гамшиг, осолд өртөгсдийг дахин хохирох, гэмт хэрэг, бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, бэртэж, гэмтэхээс хамгаалах зохицуулалтыг тусгах;
  • Нүүлгэн шилжүүлэх, түр байршуулах, Монгол Улсын иргэдийг гадаадаас татан авах, хойшлуулшгүй сэргээх босгох арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ил тод, ялгаварлан гадуурхахгүй байх, ялгаатай бүлгийн онцлог хэрэгцээнд нийцүүлэх, эрсдэл үүссэн үед даатгалын нөхөн төлбөр авах боломжийг бүрдүүлэх, сэтгэлзүйн тусламж үйлчилгээг үзүүлэх, орон нутаг, бүс, улсын болон олон улсын хэмжээний туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулж, гамшгаас хамгаалах алба хаагчдын ур чадварыг байнга дээшлүүлэхийг зөвлөсөн.  

Цар тахал, гамшиг, аюулт үзэгдэл, гамшгийн дараах сэргээн босгох үйл явцыг хэрхэн эрсдэл багатай даван туулах, гамшгийн үед хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хангаж, хамгаалах талаар бодлого, арга хэмжээг улсын болон салбарын төлөвлөгөөндөө тусгахаар төлөвлөж байгаа нь сайшаалтай юм. Уг төлөвлөгөөнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зарчмуудыг тусгахад онцгойлон анхаарч, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулахаар талуудын оролцоог хангаж, хэлэлцүүлж буй Онцгой байдлын ерөнхий газарт талархал илэрхийлье.

Комиссын 2024 оны 05 дугаар сарын 30-ны 01/03 дугаартай зөвлөмжийгэнд дарж үзнэ үү.