Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан “Хүний эрхийн боловсролд” булантай боллоо
Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх чиг үүргийнхээ хүрээнд орон нутаг болон их, дээд сургуулиудын номын сантай хамтран ажиллаж, ном товхимлоор хангах ажлыг тогтмол хийдэг бөгөөд өнөөдөр /2025.03.10/ Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд “Хүний эрхийн боловсролд” буланг нээлээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор Б.Энхболд, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг болон Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра нар оролцсон.
Хүний эрхийн Үндэсний Комисс, НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд, Жендэрийн үндэсний хороо, Нээлттэй нийгэм форум, Монголын Эмнести Интэйрнэшнл байгууллагууд “Хүний эрхийн боловсролд” буланд хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлүүд, Хүний эрх сэтгүүл болон хүний эрхийн тодорхой асуудлаар бэлтгэн гаргасан бусад ном товхимол, судалгаа, гарын авлага зэрэг Монгол, Англи хэл дээрх 426 нэрийн 1401 бүтээлийг цахим файлуудын хамт хүлээлгэн өгөв.




