Гомдол
"Хүний эрх ба технологи" нээлттэй хяналт шалгалтын хүрээнд гүйцэтгэсэн судалгааны ажлуудын явцыг танилцуулж, санал авлаа

"Хүний эрх ба технологи" нээлттэй хяналт шалгалтын хүрээнд гүйцэтгэсэн судалгааны ажлуудын явцыг танилцуулж, санал авлаа

2025.02.26 167
Сонсох

Монгол Улсын цахим хөгжлийн бодлого, түүний хэрэгжилтэд хүний эрх, хүний хувийн мэдээллийг хамгаалах арга хэмжээ тусгагдсан байдал, шинээр хэрэглээнд нэвтэрч буй технологийн хүний эрх, эрх чөлөөний эрсдэлийг үнэлэх, хууль тогтоомж, хэрэгжилтийг хүний эрх, эрх чөлөөний зарчимд нийцүүлэх, улмаар бодлогын болон практик зөвлөмж боловсруулж, Монгол Улс дахь 24 дэх илтгэлд тусгайлан тусгах зорилгоор “Хүний эрх ба технологи” олон нийтийн хяналт шалгалтыг ХЭҮК-оос үндэсний хэмжээнд 2024, 2025 онд зохион байгуулж байна.
Цахим дэд бүтэц, хууль сахиулах, эрүүл мэнд, банк, санхүү зэрэг 11 салбарыг хамруулсан тус хяналт шалгалтын хүрээнд “Эрүүл мэндийн салбарын цахимжилт ба хүний эрх, хүний хувийн мэдээллийн эрсдэл” судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр олон улсын болон үндэсний зөвлөхүүдийн хамт гүйцэтгэсэн.

Мөн "Цахим хөгжлийн хүртээмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн туслах цахим технологийн бодлого, зохицуулалт” судалгааг “Тэгш нийгэм холбоо” ТББ-тай хамтран гүйцэтгээд байна. 

Дээрх судалгааны ажлуудын явцын болон үр дүнгийн тайланг танилцуулах, холбогдох салбаруудын мэдээлэл сонсох, санал солилцох  “Эрүүл мэндийн салбарын цахимжилт ба хүний эрх”, “Цахим хөгжлийн хүртээмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн туслах цахим технологийн бодлого, зохицуулалт” хэлэлцүүлгийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа, Х.Мөнхзул болон Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Улсын төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, эрүүл мэндийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар зэрэг холбогдох байгууллагуудын 40 гаруй албан тушаалтан оролцож, байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал, Эрүүл мэндийн яамнаас 2021 оноос цахим шилжилтийг эрчимтэй өрнүүлж байгаа бөгөөд 2025 оноос эхлэн цаасан маягтыг метадата өгөгдөл болгох, эрүүл мэндийн бие даасан өгөгдлийн сангуудыг нэгтгэж, Их өгөгдөл үүсгэх, регистрийн дугаар ашиглалтыг халж, Patient_Id код нэвтрүүлэхээр төлөвлөсөн гэдэг мэдээллийг өглөө. 

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс үйлчлүүлэгчийн эмзэг мэдээлэлд нэвтрэх хандалтын эрхийг хязгаарладаг байх, төрөөс хувийн эмнэлгүүдэд чиглэсэн бодлого, шийдвэрийг тодорхой болгох, хүний хувийн болон эмзэг мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалах стандартыг хангуулах шаардлагатай байгааг тодотгож байв. 

Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст технологиор дамжуулан хүргэж буй төрийн тусламж, үйлчилгээний хүртээмж сул байгааг онцолж, хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 илтгэлд нарийвчлан тусгах нь зүйтэй гэв.