Гомдол
"Сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт" хэлэлцүүлэг зохион байгуулав.

"Сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт" хэлэлцүүлэг зохион байгуулав.

2025.02.21 110
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлдээ “2024 оны сонгуулийн үйл ажиллагаа: Сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт” сэдвийг тусгахаар төлөвлөсөн.

Энэ хүрээнд ИБУИНХУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой дараах судалгааны ажлын үр дүнг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлд 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.  Үүнд:

  • УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль: Зорилтот бүлгийн сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт: Эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, малчин болон суурин газраас алслагдмал нутаг дэвсгэрт амьдарч буй иргэд;
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль: Зорилтот бүлгийн сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт: Эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, малчин болон суурин газраас алслагдмал нутаг дэвсгэрт амьдарч буй иргэд;
  • Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээний платформ ашиглаж байгаа байдалд хийсэн мониторинг; 
  • Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан сонгуулийн үндсэн зарчмууд: Улсын Их Хурлын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн харилцааг зохицуулсан нарийвчилсан хууль тогтоомжийн дүн шинжилгээ.

Тус хэлэлцүүлэгт Хүний эрхийн Үндэсний Комисс, Үндсэн хуулийн цэц, Захиргааны хэргийн шүүх, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний Аудитын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн,  Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд болон сонгох, сонгогдох эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Судалгааны үр дүнтэй холбоотойгоор оролцогч талууд өөрсдийн байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа, хяналт, гомдол мэдээлэл шийдвэрлэхтэй холбоотой хүндрэл бэрхшээл, гарсан ахиц, үр дүнгийн талаар харилцан санал мэдээлэл солилцлоо.