Гомдол
“Жагсаал цуглаан ба хүний эрхийн ажиглагч” сургалтыг ХЭҮК, Монголын Эмнести интернэшнл байгууллагатай хамтран зохион байгуулж байна

“Жагсаал цуглаан ба хүний эрхийн ажиглагч” сургалтыг ХЭҮК, Монголын Эмнести интернэшнл байгууллагатай хамтран зохион байгуулж байна

2024.05.29 479
Сонсох

Жагсаал цуглааны үеэр хүний эрхийн ажиглагчийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хариуцах эрх, үүргийн талаар онолын болон хууль эрх зүйн мэдлэг олгох “Жагсаал цуглаан ба хүний эрхийн ажиглагч” сургалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести интернэшнл байгууллагатай хамтран 2024 оны 05 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус сургалтад Комиссын Тамгын газрын албан хаагчдад хамрагдаж байгаа бөгөөд сургалтыг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид нээж хэлсэн үгэндээ Монгол Улсад 2020-2023 онд нийт 736 удаагийн жагсаал, цуглаан зохион байгуулагдсаны 649 нь нийслэл Улаанбаатар хотод, 87 нь орон нутагт зохион байгуулагдсан. 

Тайван замаар хуран чуулах эрх, эрх чөлөө эдэлж буй иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх орон зайг хамгаалах олон улсын гэрээ конвенцын эрх зүйн хэм хэмжээний зохицуулалт, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн үзэл баримтлалыг төрийн албан хаагч, тэр дундаа хууль сахиулах, мөрдөх чиг үүргийн алба хаагчдад тайлбарлан таниулах, ойлгуулах, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхжуулах сургалтыг үе шаттай авч хэрэгжүүлж байна. 

Хүний эрхийн Үндэсний Комисс нь УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгах чиглэлээр ажиглалт, мониторинг хийнэ. ✅Тиймээс Монголын Эмнести Интернэшнл байгууллагатай хамтарч энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байгаа гэдгийг онцолсон юм. 

“Жагсаал цуглаан ба хүний эрхийн ажиглагч” сургалтыг Монголын Эмнести Интернэшнлийн Удирдах зөвлөлийн дарга Р.Очирбал “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, жагсаал цуглаан хийх нь” сэдвийн хүрээнд “Хуран чуулах эрх чөлөө-хэм хэмжээ”, “Хуран чуулах эрх чөлөө Монгол Улсад”, “Иргэний үл захирагдахуй” хичээлээр эхлүүллээ.

Тэрбээр “Дэлхий нийтэд үзэл бодлоо илэрхийлэх, хуран чуулах эрх, эрх чөлөөг хумих үзэгдэл түгээмэл ажиглагдаж байна. Тухайлбал, 2022 оны тайланд дурдагдсанаар дэлхийн улс орнуудын 54 хувь нь хүний эрх хамгаалагчийг үндэслэлгүйгээр баривчлан саатуулсан. Уг процесстой холбоотойгоор баривчлах, цагдан хорих байр дахь хүний эрх хамгаалагч амь насаа алдах, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирох тохиолдол цөөнгүй гарсан.

Улс орнуудын 55 хувь нь жагсагчдын эсрэг албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бол 43 хувь нь үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хязгаарласан шинэ хууль тогтоомж баталсан. Цар тахлаас хойш инфляц, гадаад өр зээл, хүнс болон шатахууны хомсдол, геополитикийн хурцадмал байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүндрэл бэрхшээлээс үүдэн иргэдийн хуран чуулах шаардлага өсөн нэмэгдэж байна. 

Өмнө нь аливаа хэлбэрийн жагсаал цуглааныг албадлагын хүчээр зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх тохиолдол буурай хөгжилтэй, хөгжиж байгаа улс орнуудад нийтлэг гардаг байсан бол өнөө үед Англи, Канад, Австрали, АНУ зэрэг хүний эрхийн тэргүүлэх стандарттай хөгжингүй улс орнууд эрх зүйн хэлбэр болон цагдаагийн эрх мэдлийг өргөжүүлэх замаар асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэдгийг онцолсон юм.

Сургалт Монголын Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа “Цагдаагийн байгууллага жагсаал цуглаагыг зөв зохистой зохицуулах 10 зарчим, хэрэгжилтийг шалгах нь”, сургагч багш Д.Оюунномин “Хурсан олны сэтгэл зүй”, “Жагсаал цуглааны үед үсэх бэрхшээлүүд, түүнийг анзаарах нь” хичээлээр үргэлжлүүлж байна.