Гомдол
“Хүний эрх 30 жилд: Ололт амжилт, тулгамдсан асуудал, гарц шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

“Хүний эрх 30 жилд: Ололт амжилт, тулгамдсан асуудал, гарц шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2023.11.10 436
Сонсох

УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын алба, Хүний эрхийг хангах үндэсний хороо, Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэн хамтран “Хүний эрх 30 жилд: Ололт амжилт, тулгамдсан асуудал, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Олон улсын хүний эрхийн өдөрт зориулан өнөөдөр /2023.11.10/ зохион байгуулаа.           

Хэлэлцүүлэгт ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, Б.Саранчимэг, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон иргэний нийгмийн 20 гаруй байгууллага, 50 орчим судлаач оролцов.

Хэлэлцүүлгийн эхэнд, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ “Хүний эрх нь ямар нэгэн түүхэн арга хэмжээтэй холбоотой ярих биш, өдөр тутам ярьж байх асуудал” гэдгийг онцолсон бол УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүний эрхийг хамгаалахтай холбоотой эрхзүй, соёлын шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн ч хүний эрхийг зөрчсөн явдал гарсаар байна. НҮБ-ын Хүний эрхийн үндэсний зөвлөлөөс гарсан зөвлөмж зайлшгүй хэрэгжиж байх ёстой хэмээн үзэж, ХЭҮК-ын тухай хуулийг 2020 онд шинэчилж, мөн Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг баталсан. Ингэснээр хүний эрх, эрх чөлөөг хангах механизмыг бүрдүүлж, хүний эрхийн зөрчилтэй тэмцэж, зөрчигдсөн эрхийг сэргээх үүргийг төрийн байгууллагуудад чиглэл болгож, хүний эрхийг хамгаалах ажилд ТББ, хэвлэл, олон нийт, хувийн хэвшлийг хамтран ажиллах тогтолцоог бий болгосон ”гэлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Монгол Улс хүний эрхийн индексээр дэлхийн 193 орноос 96 дугаар байранд орж байна. Үүнийг бид алдаа дутагдалтай ч, ололт байна гэж харж байна. Цаашид хүний эрхийг хангаж ажилладаг байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахын тулд төсөв, санхүүг бүрэн шийдвэрлэх шаардлагатай” гэв.

Харин Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан дэлхий нийтээрээ уг тунхаглалын мөн чанар, түүнд тусгагдсан хүний эрх, эрх чөлөөний зарчмуудыг эргэн санах, тэдгээрийн хэрэгжилтийг үнэлж, эрчимжүүлэх, ирэх 25 жилийн хугацаанд ахиц дэвшил, эерэг өөрчлөлт гаргах амлалт өгөх ажил өрнөж байгааг онцлоод Монгол Улсад хүний эрхийг хангаж, хамгаалах чиглэлээр батлагдсан хууль тогтоомж, байгуулагдсан төрийн бүтэц, байгууллага, нэгдэн орсон НҮБ-ын гэрээ, конвенци зэргийг харвал, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах эрх зүйн орчин, бүтэц тогтолцоо зохих хэмжээнд бүрдэж, Монгол Улс хүний эрхийн асуудалд тодорхой ахиц дэвшил гаргасныг илтгэж байна. 

Гэсэн хэдий ч монгол хүний амьдралын чанар төдийлөн сайжраагүй, ажилгүйдэл, ядуурал тогтвортой буураагүй, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмж хангалтгүй, нийгэмд тэгш бус байдал түгээмэл оршсоор байна. Үүнийг Хүний эрхийн Үндэсний Комисс төрийн бодлого, шийдвэр хүний эрхэд суурилаагүй, төрийн байгууллагуудын хүнд суртал, чиг үүргээ хэрэгжүүлэх процессын хэм хэмжээ, зохицуулалт тодорхой бус, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа уялдаа холбоогүй, төсвийн хуваарилалт оновчтой биш явж ирсэнтэй холбоотой гэж дүгнэсэн” гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

Түүнчлэн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Хүний эрхийн мэдрэмжтэй хуулийн шинэчлэл” сэдвийн хүрээнд “Хүний эрхийн мэдрэмжийг цаг хугацаатай харьцуулж, хүн бүр өөр өөрийн хэрэгцээ сонирхол, онцлогтой гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Тухайлбал, зарим хүнд эд баялаг чухал бол нөгөө хэсэгт нь үг хэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх илүү хэрэгцээтэй байдаг. Тэр утгаараа хүний эрхийг мэдрэмжээр хамгаалах шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд хүний эрхийн гурван “дайсан” байлаа. Үүнд, авлига, боловсрол, өмчийн тэгш бус байдал зэргийг анхаарч үзэх шаардлага үүссэн. Эдгээр асуудалд парламент зөв дүгнэлт хийж, засч залруулахаар сүүлийн жилүүдэд ажиллаж байна. Мөн боловсролын шинэчлэл, иргэдийн саналыг дээдлэх, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгож, олон намын тогтолцоог бий болгох, шүүхийн реформыг хийх зэрэг эрхзүйн шинэчлэлийг хийж байна. Эдгээрээс хамгийн чухал нь хууль өөрөө хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой гэдгийг онцолмоор байна. Бид өнгөрсөн хугацаанд иргэнд эрх олгох биш, дарамт болсон хуулийг баталсаар ирсэн. Одоогоос 10 гаруй жилийн өмнө 400 гаруй хууль, мянга гаруй журмаар нийгмийн харилцааг зохицуулдаг байсан. Харин одоо 2000 гаруй журам үйлчилж байна. Энэ нь ард түмний хууль тогтоох эрх мэдлийг гүйцэтгэх эрх мэдэл булааж авсан гэдгийг илэрхийлж байна. Эдгээрийг засч залруулах шаардлагатай байна” гэв.

Энэ удаагийн хэлэлцүүлгийг Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, академич) С.Нарангэрэл дүгнэж дэлхийн нийтэд болон Монгол улсад хүний эрх гэж юуг тодорхойлж байгаа талаар дурдлаа.

Тэрбээр “Хүний эрхийн талаар үндэсний эрх зүйд ч олон улсад ч өөрийн олон янзын механизмтай байдаг. Монгол Улсын хувьд дайн дажингүй, бие даасан байдалтай, үзэн ядсан дайсагнал, шашин хоорондын элдэв маргаангүй, улс төрчид нь эвлэршгүй маргаангүй зэрэг нь хүний эрх зөрчигдөхгүй давуу тал болж байна. Хүний эрх нь жам ёсны эрх. Хүн жам ёсны эрхээ эдлэхэд өөрөө ёс зүйтэй, хариуцлагатай байхыг шаарддаг. Нөгөө талдаа төрөөс хүний жам ёсны эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлж болохгүй” гэв.