Гомдол
Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулахыг УРИАЛЖ БАЙНА

Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулахыг УРИАЛЖ БАЙНА

2023.10.03 1798
Сонсох

Монгол УлсынХүний эрхийн Үндэсний Комисс, “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх” иргэний нийгмийн байгууллагуудын эвсэлтэй хамтран НҮБ-ын Хүн Амын сангийн дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдын ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдлэг ойлголтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх,бэлгийн дарамтад өртсөн тохиолдолд гомдол гаргаж шийдвэрлүүлэх чадавхыг нэмэгдүүлэх, ажил олгогчдын Хөдөлмөрийн тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийг сануулах, ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаа явуулах, ажилтнуудад ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "АЖЛЫН БАЙР- БЭЛГИЙН ДАРАМТГҮЙ ОРЧИН” сарын аяныг үндэсний хэмжээнд 2023 оны 10 дугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд зохион байгуулж байна.

АЖИЛ ОЛГОГЧ та ажлын байрандаа бэлгийн дарамтаас

1.    Урьдчилан сэргийлэх

2.    Таслан зогсоох

3.    Гарсан гомдлыг шийдвэрлэх үүргийг хөдөлмөрийн хуулиар хүлээсэн.

Иймд Ажил олгогч нь:

Урьдчилан сэргийлэх чиглэлээр:

  • Байгууллагын дотоод журамдаа бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх болон гарсан гомдлыг хэнд гаргах, хэрхэн барагдуулах, хариуцлагын хэм хэмжээг” тодорхой тусгах
  • Ажлын байрны бэлгийн дарамтыг танин мэдэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх сургалтыг ажилтнуудад тогтмол зохион байгуулах
  • Байгууллагын биет болон цахим орчинд эрсдлийн үнэлгээ хийх,  санал асуулга авах зэрэг арга хэмжээ авах

Таслан зогсоох чиглэлээр:

  • Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэх мэдээлийг хүлээн авах албан тушаалтан, нэгжийг томилох, гомдлын дагуу таслан зогсоох арга хэмжээ авах

 Гарсан гомдлыг шийдвэрлэх

  • Гомдлын үнэн бодитойг шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцох, энэ талаар холбогдох байгууллагад мэдээлэх
  • Хохирогчийн ажлын байрыг хадгалах, шаардлагатай сэтгэл зүйн болон эрүүл мэндийн тусламж авах боломжоор хангах, гомдлыг хянан шийдвэрлэх явцад илэрсэн хувь хүний нууцыг хадгалах үүрэгтэй.

Хэрвээ та ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл авах, гарсан зөрчлийн талаар мэдээлж, гомдол гаргах бол ХЭҮК-ын 7000-0222  дугаар болон www.nhrcm.gov.mn хаягаар хандаарай.

“Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь” сургалтын гарын авлагыг ЭНДЭЭС ТАТАЖ АВНА УУ.

Ажлын байрны бэлгийн дарамт нь хүний эрхийн ноцтой зөрчил юм.

Тиймээс "АЖЛЫН БАЙР- БЭЛГИЙН ДАРАМТГҮЙ ОРЧИН” аянд нэгдэцгээе.

АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТЫГ ҮЛ ТЭВЧЬЕ