Гомдол
Төрийн аудитын үйл ажиллагааг хүний эрхэд суурилсан болгох асуудлаар Ерөнхий аудитор Д.Занданбаттай санал солилцлоо

Төрийн аудитын үйл ажиллагааг хүний эрхэд суурилсан болгох асуудлаар Ерөнхий аудитор Д.Занданбаттай санал солилцлоо

2023.08.30 934
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбаттай 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр уулзаж, төрийн аудитын үйл ажиллагааг хүний эрхэд суурилсан болгох, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагыг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, санхүүгийн хяналтын тулгамдаж буй асуудал болон аудитын байгууллагын албан хаагчдын хүний эрхийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалтын модуль боловсруулах зэрэг асуудлаар санал солилцож, хамтран ажиллахаар тохирлоо.  

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлд “Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан.

2021 онд Комиссын гишүүний 162 шаардлага, зөвлөмж гарсанаас бүрэн хэрэгжсэн 62, хэрэгжих шатанд 75, хэрэгжилт хангалтгүй 10, хэрэгжээгүй 15, 2022 онд 121 шаардлага, зөвлөмжөөс бүрэн хэрэгжсэн 49, хэрэгжих шатанд 50, хэрэгжилт хангалтгүй 14, хэрэгжээгүй 7 гэсэн үр дүнтэй байгаа нь эдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, санхүүжилтийг төсөвт тусгагддаггүйтэй холбоотой.

Өөрөөр хэлбэл, төсөв батлагдсанаас хойш хүлээж авсан Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн биелэлтийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг тухайн байгууллага гаргах нь хууль зөрчих тул Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хуульд заасан хугацаанд багтаж хэрэгжих боломжгүй, хойшлох хүчин зүйл болдог.

Иймд төрийн аудитын үйл ажиллагааны хүрээнд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг төсөвт тусгасан эсэхийг хянах, тусгуулах замаар хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох бодит боломж бүрдэх юм.