Гомдол
ХЭҮК нийт 695 гомдол, мэдээлэл хүлээн авлаа

ХЭҮК нийт 695 гомдол, мэдээлэл хүлээн авлаа

2023.08.28 677
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хооронд иргэдийн хүний эрхийн боловсрол, мэдлэг, хандлагыг дээшлүүлэх 160 удаагийн 254 цагийн сургалтад 8002 оролцогчийг хамруулж, 636 иргэнд 235 цагийн хүний эрхийн зөвлөгөө өгч, 121 удаагийн хяналт шалгалт хийж, судалгаа, шинжилгээний 6 ажил гүйцэтгэлээ.

Түүнчлэн нийт 695 өргөдөл гомдол хүлээн авснаас 93 гомдол мэдээллийг NHRCM.GOV.MN цахим хуудсаар хүлээн авав.

Эрхийн төрлөөр нь ангилбал, шударга шүүхээр шуулгэх эрх, хөдөлмөрлөх эрх, халдашгүй чөлөөтэй байх эрх, төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй холбоотой гомдол мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна.

ҮҮНЭЭС КОМИСС НЬ 2023 ОНЫ 07, 08 ДУГААР САРД

-Орон нутгаас- 23

-Хорих анги болон цагдан хорих байраас- 47

-Гадаад улсаас-1

-Нийслэл, дүүргээс-37 буюу нийт 108 гомдол мэдээлэл хүлээн авч хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.

Хүлээн авсан гомдол мэдээллийг эрхийн төрлөөр ангилбал,

1.   Шударга шүүхээр шүүлгэх эрх буюу хууль зүйн туслалцаа авахтай холбоотой- 17

2.   Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй холбоотой-14,

3.   Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой-13 гомдол мэдээлэл эзэлж байна.

ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАЖ, ХАМГААЛАХ ЧИГ ҮҮРГИЙН ХҮРЭЭНД:

Үндэсний их баяр наадам, аймаг, бүсийн хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ХЭҮК-ын гишүүний зөвлөмжийг Аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлсэн. Энэ хүрээнд Комиссын албан хаагчид 2023 оны 07 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд хурдан морины уралдаанд хяналт, ажиглалт, дүн шинжилгээ хийж ажиллалаа.

Хяналт, дүн шинжилгээний хүрээнд

-Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу хурдан морийг найм, түүнээс дээш насны хүүхдээр унуулах

-Хүүхэд нэг бүрийг үндэсний хурдан морины уралдааны үед болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд даатгуулсан эсэх

-Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс морь унуулахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг бичгээр авсан эсэх

-Унаач хүүхдийн хувцас, хурдан морины хэрэглэл стандартын шаардлага хангаж буй эсэх

-Хамгаалалтын бүрэн хувцас хэрэглэлгүй хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулахгүй байх зэрэгт хяналт, дүн шинжилгээ хийж ажиллалаа.

СУДАЛГАА, ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ХҮРЭЭНД:

ХЭҮК-оос “Гэр бүлийн харилцаан дахь жендер ба хүний эрх” судалгааг “Хууль судлал хөгжлийн төв” НҮТББ-тэй хамтран хэрэгжүүлж байна.

Тус судалгааны зорилго нь гэр бүлийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын талаар зохицуулсан хууль тогтоомж, бодлогын баримт бичиг болон төрийн байгууллагуудын чиг үүргийн хэрэгжилт, жендэрийн тэгш байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн асуудалд дүн шинжилгээ хийж, бодлогын зөвлөмж гаргаж, улмаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгахад чиглэж буй юм. 

ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦООГ СУРТАЛЧЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД:

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жил, Хүний эрх хамгаалагчийн тухай тунхаглал батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл, “Оюу Толгойн хяналт” ТББ, “Монголын Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв”, Монголын эмэгтэйчүүдийн сангаас хамтран Хүний эрх хамгаалагчид, "Эмэгтэй хүний эрх хамгаалагчийн эрсдэлийн үнэлгээний аргачлал" хэлэлцүүлэг, Хүний эрх хамгаалагчийн түүх өгүүлэх хөрөг найрууллын “МОЖО” уралдааныг 2023 оны 06 дугаар сарын 09-нөөс 12 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна.

“Хүний эрх хамгаалагч ЗОРИГТОН-2023” хөрөг найрууллын “МОЖО” уралдаанд нийт 60 гаруй сэтгүүлч, чөлөөт уран бүтээлчид бүртгүүлснээс 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан чиглүүлэх уулзалтад 40 гаруй сэтгүүлч, чөлөөт уран бүтээлчид оролцлоо. Тус уралдаан нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчлах, хэрэгжилтийг хангах, хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, хамгаалахад оруулж буй хүний эрх хамгаалагчдын хувь нэмрийг олон нийтэд таниулах, сурталчлах зорилготой.

ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ, ДЭМЖИХ ЧИГ ҮҮРГИЙН ХҮРЭЭНД:

Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүний эрхийн дээд Комиссарын газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтэс нь нээлттэй хяналт шалгалт хийх, нэгжийг чадавхжуулах төслийн санал боловсруулж байна.

Олон нийтэд нээлттэй хяналт шалгалт гэдэг нь “Public inquiry” буюу Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан иргэн, ААН-ийн төлөөллөөс хувийн мэдээлэл алдаж байсан эсэх зөрчил, гомдлыг хүлээн авч нээлттэй сонсгол хийж, улмаар хүний хувийн мэдээлэлтэй өдөр тутамдаа харьцаж ажилладаг байгууллагуудад хяналт шалгалт хийх юм.

Нээлттэй хяналт шалгалт хийснээр мэргэжлийн шинжээчдийн багийн бүрэлдэхүүн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох хууль журмын орчныг сайжруулахад тулгамдаж буй асуудалд дүн шинжилгээ хийж, холбогдох эрх бүхий байгууллагад зөвлөмж хүргүүлнэ.