Гомдол
ХЭҮК-оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхдийн эрхийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв

ХЭҮК-оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхдийн эрхийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв

2022.05.26 377
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын Холбооны хүний эрхийн дэд хороо, Дэлхийн Зөн ОУБ-аас хэрэгжүүлж буй “Хүүхэд хамгааллын компакт” төслийн дэмжлэгтэйгээр “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхдийн эрх” сэдвийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагыг оролцуулсан хэлэлцүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлгийн зорилго нь эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь хүүхдийн эрхийн зөрчил тулгамдсан асуудлыг тодорхойлж, холбогдох байгууллага албан тушаалтанд санал, зөвлөмжийг хүргүүлэх юм. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Б.Баярсайхан нээж хэлсэн үгэндээ Хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр зарцуулж байгаа төсөв жилээс жилд нэмэгдсээр байгаа ч хүүхдийн хүчирхийлэл буурахгүй байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гэхэд найман тэрбум төгрөг нэмэгдсэн. Ковидын дараа гэхэд гэр бүлийн орчинд 35 мянган хүүхэд бэртэж, гэмтэж эндсэн гэсэн судалгаа гарсан гэдгийг онцоллоо.УИХ-д хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг 12 гишүүнтэйгээр байгуулсан. Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг санаачлан боловсруулж ажиллаж байна гэсэн юм.

Түүнчлэн хэлэлцүүлгийг санаачлан ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан “хүүхдийн амь нас хохирсон, өрх толгойлсон эмэгтэйн хүүхэд насбарсан тохиолдолд хууль ёсны төлөөлөгчөөс гадна хүүхдийн эрхийн байгууллагын албан хаагчийг зайлшгүй байлцуулах шаардлагатай. Учир нь практикт байгаа тохиолдолд тохиролцох, харилцан хүлээн зөвшөөрч гомдолгүй гэх санал хэлүүлэх нөхцөл байдал бий болсон. Хүүхэд онцгой анхаарал татсан төрийн хамгаалалтад байх ёстой. Хүүхдийн язгуур эрх, дээд ашиг сонирхлыг давхар хамгаалах, хүүхэд оролцсон, холбогдсон, хохирсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч хүүхдийн эрх хамгаалал хариуцсан төлөөлөл зайлшгүй байх хэрэгцээ шаардлага байна гэдэг нь харагдаж байна. Эрх зүйн орчны хувьд манайд гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийг 2013 онд баталсан, 2020 онд нэмэлт, өөрчлөлт орж насанд хүрээгүй гэрч хохирогчийг хамгаалах асуудлыг нарийвчлан зохицуулсан стандартыг батлуулан мөрдөж ажиллана гээд хуулинд заасан ч хоёр жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл батлагдаагүй байна. Холбогдорх байгууллагууд нь хуулийг хэрэгжүүлэх, хуульд заасан дүрэм журмыг цаг тухайд нь хэрэгжүүлээгүйгээс болж хүүхэд хохирох, хүүхдийн эрх ашиг зөрчигдөх үр дагавар гарсаар байна гэдгийг анхаарууллаа.

Хэлэлцүүлэг иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх зөрчил шалган шийдвэрлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь хүүхдийн эрхийн асуудлуудын хүрээнд үндсэн илтгэлүүд тавигдаж асуудал тус бүрийн хүрээнд шийдлийн хувилбарын талаар санал бодлоо илэрхийлэв.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж ХНХ-ын сайд А.Ариунзаяа илгээлт ирүүлсэн бөгөөд, шүүх прокурор, ЦЕГ, ШШГЕГ, ГБХЗХГ, ГХУСАЗЗ, ХЗҮХ, Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Дэлхийн зөн ОУБ болон иргэний нийгмийн 20 байгууллага оролцлоо.