Гомдол
ХЭҮК-ын шинээр томилогдсон гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ

ХЭҮК-ын шинээр томилогдсон гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ

2022.06.03 306
Сонсох

УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.06.02/ хуралдаанаар С.Дондовыг ХЭҮК-ын гишүүнээр, Я.Цэлмэнг ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр томилох тухай УИХ-ын тогтоолыг баталсан билээ.

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нар Хүний эрхийн Үндэсний Комисст 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажиллаж Улсын Их Хурлын тогтоолыг танилцуулснаар гишүүд үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хүний эрхийн асуудал шийдвэрлэгдэж дуусна гэж хэзээ ч байхгүй. Өмнө нь Комиссын гишүүнийг дарга нэр дэвшүүлж томилдог байсан бол энэ удаад нээлттэй сонгон шалгаруулалтаар томилогдож байгаагаараа онцлогтой. Дарга биш тухайн хүн өөрөө өөрийгөө энэ ажлыг хийж чадна гэсэн итгэл үнэмшил дээрээ тулгуурлаж нэрээ дэвшүүлж шат шатны сонгон шалгаруулалтад тэнцэж хамгийн өндөр оноог авсан. Тиймээс Комиссын баг бүрэлдэхүүн бие биеэ нөхөж, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаж чадна гэж итгэж байна. Эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал нь өргөн хүрээг хамардаг, анхаарал сонор сэрэмжээ сулруулж огт болохгүй. Комиссын зүгээс иргэд олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчилж тэдний дэмжлэгийг авах хэрэгтэй. Цаашдаа хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд орсон асуудлын хүрээнд урьдчилан нээлттэй сонсгол хийж олон нийтийн анхаарлыг хандуулах зүйтэй байна гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Монгол Улс Азид анх удаа хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлыг хуульчилсан. Энэ нь Монголын ардчилалын нэг том дэвшил юм. Комиссын цаашдын үйл ажиллагааг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулахад УИХ-ын Хууль зүйн байнгын хороо анхаарч дэмжин ажилласаар ирсэн. Цар тахлын хүнд хэцүү үед хүний эрх зөрчигдөж байгаа олон асуудлыг Хүний эрхийн Үндэсний Комисс хөндөн, тус Комиссоос гаргасан дүгнэлт, зөвлөмжүүд төрийн бодлогод нөлөөлж ирснийг тэмдэглээд, шинээр томилогдсон гишүүдийг чин шударгаар хуулиа дээдлэн ажиллаж хүний эрхийг хамгаалах ариун үйлсэд амжилт гаргахыг хүслээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гишүүдийг томилсон тухай Улсын Их Хурлын тогтоолыг ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунанд гардуулан өгсөн юм.

НҮБ-ын хүний эрхийн механизмууд хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлыг хамгаалах механизмыг бий болгохыг Монгол Улсад зөвлөж, уриалж ирсэн. Энэ зөвлөмжийг биелүүлснээрээ Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна. Хүний эрх хамгаалагчийн болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмыг бэхжүүлж, үр нөлөөг дээшлүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ялангуяа эрүү шүүлтээс ангид байх эрхийг баталгаажуулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан илэрхийлэв.