Гомдол
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Туркменистан Улсын Хүний эрхийн Омбудсманы үйл ажиллагааг үнэлж, зөвлөх олон улсын шинжээчдийн багт ажиллалаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Туркменистан Улсын Хүний эрхийн Омбудсманы үйл ажиллагааг үнэлж, зөвлөх олон улсын шинжээчдийн багт ажиллалаа

2022.10.21 401
Сонсох

Хүний эрхийн хэрэгжилтэд хараат бус, хөндлөнгийн хяналт хэрэгжүүлдэг үндэсний байгууллагуудын дэлхийн болон бүс нутгийн сүлжээний гишүүн байгууллагынхаа хувиар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс бусад улс орнуудын Хүний эрхийн Үндэсний Байгууллагыг бэхжүүлэх, олон улсын эрх зүйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг.

Энэхүү чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Туркменистан Улсын Хүний эрхийн Омбудсманы үйл ажиллагааг үнэлж, зөвлөх олон улсын шинжээчдийн багт ажиллаж байна.

download (1).jpg

Ази-Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулган (АНДБХЭҮБЧ), НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газар (ХЭКДГ), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран явуулж байгаа уг үйл ажиллагааны шинжээчдийн багийг Шинэ Зеланд Улсын Хүний эрхийн Комиссын дарга, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын дэлхийн холбооны ерөнхийлөгч асан Рослин Нүүнан ахалсан юм.

Багийн бүрэлдэхүүнд АНДБХЭҮБЧ-ийн дэд дарга Пип Дарган, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор Г.Нарантуяа, НҮБ-ын ХЭКДГ-ын Киргизстан дахь бүсийн төвийн хүний эрхийн шинжээч Илима Бокошева, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Истанбул дахь бүсийн төвийн хүний эрхийн шинжээч, доктор Миндиа Вашакмаже нар гишүүдээр ажиллалаа.

IMG_20221011_114834.jpg

Ажлын хэсэг Туркменистан Улсын нийслэл Ашхабад хот, Балкан мужийн Туркменбаши хотод 2022 оны 10 дугаар сарын 04-нөөс 13-ны өдрүүдэд ажилласан бөгөөд тус улсын Хүний эрхийн Омбудсманы үйл ажиллагааг Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Парисын зарчимд нийцэж байгаа эсэхэд үнэлж, чадавхи, үйл ажиллагааг нь сайжруулах зөвлөмж өгөх юм.

Энэ хүрээнд тус улсын Хүний эрхийн Омбудсманы үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаж, Парламентын дээд, доод танхим, Дээд шүүх, Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яам, Дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам болон Засгийн газрын холбогдох агентлагууд, иргэний нийгмийн байгууллагууд, Балкан мужийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудтай уулзалт, ярилцлага хийлээ.

IMG_20221013_133851.jpg

Туркменистан улсын Хүний эрхийн Омбудсманы чадавхын үнэлгээний урьдчилсан дүгнэлт, зөвлөмжийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус байгууллага болон НҮБ-д танилцуулсан болно.

Цаашид Туркменистан Улсын Хүний эрхийн Омбудсман болон төв Азийн бүс нутгийн улс орнуудын хүний эрхийн үндэсний байгууллагууд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос туршлага судлах, хамтын ажиллагаа өргөжүүлэхэд АНДБХЭҮБЧ, НҮБ-аас дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.