Номундалай цогцолбор сургуулийн 7а ангийн сурагчдад "Хүүхдийн эрх ба цахим орчин" сэдэвт сургалт зохион байгууллаа. Сүүлийн жилүүдэд манай улсад хүүхдийн цахим хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаа нь тэднийг цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох эрсдэлийг дагуулж байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 онд хийсэн “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын суурь судалгаа”-ны дүнгээс үзэхэд 7–12 насны хүүхдүүдийн 62 хувь, 13–18 насны хүүхдүүдийн 71 хувь нь интернетийг өдөр бүр ашигладаг байна.
Иймд хүүхэд, өсвөр үеийнхэнд хүний эрхийг хүндэтгэх, хувийн мэдээллээ хамгаалах, цахим дарамт, залилан болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, ойлголт олгох, цахим орчинд өөрийгөө болон бусдыг хамгаалах, хариуцлагатай оролцох дадлыг төлөвшүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах нь чухал ач холбогдолтой юм.