Гомдол
Хүний эрхэд нийцсэн статистикийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Хүний эрхэд нийцсэн статистикийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

2021.05.17 65
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс, Үндэсний Статистикийн Хороотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, ҮСХ-ны дарга Б.Батдаваа нар гарын үсэг зурлаа.


Хамтын ажиллагааны хүрээнд хүний эрхийн хэрэгжилт, олон улсын хүний эрхийн механизмын зөвлөмжийг хэрэгжүүлэх, Олон улсын хүний эрхийн гэрээний хэрэгжилтийг хэмжих, хүний эрхэд нийцсэн статистикийг хөгжүүлэх чиглэлээр ажиллах юм. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн дээд комиссарын газраас боловсруулсан Хүний эрхийн шалгуур үзүүлэлтийн талаарх өгөгдөл мэдээлэлд хүний эрхэд суурилж хандах тухай зааварчилгааны дагуу хүний эрхийн хэрэгжилтийг хэмжих, “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг биелүүлэх явцад хүний эрхийн хэрэгжилтийг хангаж буй эсэхэд дүн шинжилгээ хийж ҮСХ-ны 1212.mn цахим сайтад “Хүний эрх” сэдэв цэс үүсгэн байршуулах юм. Түүнчлэн Комиссоос жил бүр УИХ-д өргөн барьдаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг ҮСХ-ноос гаргаж буй хүний эрхэд нийцсэн статистик мэдээлэлд суурилж боловсруулах бөгөөд үр дүнд нь УИХ, Засгийн газраас хүний эрхэд суурилсан бодлого шийдвэр гарна гэсэн хүлээлттэй байгаа юм.


Цаашид талууд хүний эрхэд нийцсэн статистикийг хөгжүүлэх, хүний эрхийн тоон үзүүлэлтийг тогтмол гаргаж олон нийтэд таниулж ажиллах юм.


Санамж бичигт гарын үсэг зурахад ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл, Олон улсын гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Ундрах, ҮСХ-ны Тамгын газрын дарга Б.Лхагва, Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал нар оролцлоо.