Гомдол
“Ахмадаа сонсъё, асуудлаа хэлэлцье” хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

“Ахмадаа сонсъё, асуудлаа хэлэлцье” хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

2026.10.28 108
Сонсох

Баянхонгор аймаг нь 2027 оныг "Ахмадыг дэмжих жил" болгох бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсээс ахмад настнуудын эрх, оролцоог дэмжих, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг хамтран эрэлхийлэх зорилгоор “Ахмадаа сонсъё, асуудлаа хэлэлцье” сэдэвт хоёр дахь удаагийн сургалт, хэлэлцүүлгийг төрийн албан хаагчдын дунд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт 20 гаруй байгууллагын төлөөлөл болох 54 төрийн албан хаагч оролцож, ахмад настны эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний мэдлэг, туршлагыг нийгмийн хөгжилд үр дүнтэй ашиглах талаар санал солилцлоо.

ceb50c29-a1a4-41e9-a840-25dddd0ca8d6

Хэлэлцүүлэгт оролцогчид ахмад настнуудын санал бодлыг сонсож, тэдний амьдралын туршлага, мэдлэг, ур чадварыг залуу үед өвлүүлэх, ахмад настнуудын эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, өдөр тутмын амьдралд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хэд хэдэн санал, санаачилга дэвшүүлэв. Тухайлбал, ахмад үеэсээ суралцах, тэдний мэдлэг, туршлагыг залуу үед өвлүүлэх зорилгоор үе хоорондын туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулах, “Нэг ахмад — нэг шавь” хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг гаргалаа. Энэхүү хөтөлбөр нь ахмад настнуудын ажил, амьдралын туршлага, үнэт зүйлсийг залуу үед уламжлуулах, үе хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжтой юм. Мөн ахмад настнуудын эрүүл мэндийг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор нөхөн сэргээх эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ахмадын өдөр өнжүүлэх үйлчилгээг бий болгон ажиллуулах, ахмад настны эрхийн зөрчлийг илрүүлэх, тэдний санал, гомдлыг шуурхай хүлээн авч шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гомдол, мэдээлэл хүлээн авах тогтсон өдөртэй болох зэрэг саналыг дэвшүүлсэн юм.

Эдгээр санал, санаачилга нь ахмад настнуудын эрхийг хамгаалах, тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тустай бөгөөд хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгыг холбогдох бодлого, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх нь ахмад настнуудын эрх, оролцоог бодитойгоор дэмжихэд чухал ач холбогдолтой юм.