Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комисс Улсын ерөнхий прокурорын газартай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Нийслэл, дүүрэг, Тээврийн прокурорын ахлах прокурор, хяналтын прокурор, прокурор нарт хүүхдийн эрхийн сургалт зохион байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комисс Улсын ерөнхий прокурорын газартай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Нийслэл, дүүрэг, Тээврийн прокурорын ахлах прокурор, хяналтын прокурор, прокурор нарт хүүхдийн эрхийн сургалт зохион байгууллаа

2026.04.08 82
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс Улсын ерөнхий прокурорын газартай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Нийслэл, дүүрэг, Тээврийн прокурорын ахлах прокурор, хяналтын прокурор, прокурор нарт хүүхдийн эрхийн сургалт зохион байгууллаа. 

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор Б.Энхболд, референт О.Тодбулаг нар Нийслэл, дүүрэг, Тээврийн прокурорын ахлах прокурор, хяналтын прокурор, прокурор нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэдтэй холбоотой аливаа шийдвэр, үйл ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг эн тэргүүнд харгалзан үзэх мэдлэг, чадавхыг бэхжүүлэх зорилгоор "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хангах практик үйл ажиллагаа", "Хүүхдийн эрхийг хамгаалах талаарх НҮБ, түүний төрөлжсөн байгууллагаас өгсөн дүгнэлт, зөвлөмж" сэдвээр сургалт зохион байгууллаа. 

Хүүхдийн эрхийг хамгаалах талаарх НҮБ, түүний төрөлжсөн байгууллагаас өгсөн дүгнэлт, зөвлөмж сэдвийн хүрээнд НҮБ-ын гэрээний хороод, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг, сэдэвчилсэн мандат бүхий ажлын хэсэг, тусгай илтгэгчдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Монгол Улсад өгсөн дүгнэлт, зөвлөмжийн талаар мэдээлэл өглөө.

ХЭҮК-ын гишүүн, доктор Б.Энхболд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хангах практик үйл ажиллагаа сэдвийн хүрээнд Хүүхдийн эрхийн тухай конвенц болон насанд хүрээгүй хүмүүсийн холбогдсон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах олон улсын стандарт, жишиг дүрэм, зарчим, энэ чиглэлээр ХЭҮК-оос хийсэн судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын үр дүн, Комиссын илтгэлд туссан байдлын талаар танилцууллаа.

 Мөн, Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж хүүхдийн эрхийг хангаж хамгаалах чиглэлээр ахиц, дэвшил гаргаж байгаа ч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч төвтэй, хүүхдийн дээд ашиг сонирхлыг эн тэргүүнд харгалзан үзэх хандлага бүрэн төлөвшөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширдаг, олон дахин мэдүүлэг авдаг, мөрдөн шалгах ажиллагаа хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон байдлаар явуулдаггүй, мэргэшсэн албан хаагч цөөн зэргээс шалтгаалж хүүхдүүд сэтгэл санаа болон бусад хэлбэрээр дахин хохирох явдал байсаар байгааг оролцогчдод санууллаа. 

Сургалтын үеэр оролцогчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хамгаалахад тулгардаг хүндрэл бэрхшээл, олон улсын хүний эрхийн стандартыг нэг мөр хэрэглэхэд анхаарах асуудлын талаар харилцан санал солилцлоо.

 Сургалтад Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын нийт 425 ( танхим 44, цахим 337) прокурор хамрагдлаа.