Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсүрветэй уулзалт хийлээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсүрветэй уулзалт хийлээ

2026.02.13 99
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсүрветэй уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хүний эрхийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Комиссын дарга Д.Сүнжид Комиссын чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлийн талаар танилцуулж, хүний эрхийн боловсрол, гомдол шийдвэрлэлт, хяналт шалгалт, судалгаа шинжилгээний чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Мөн Энэтхэгийн Техник, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа (ITEC) хөтөлбөрийн хүрээнд Комиссын алба хаагчдыг сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөрт хамруулж ирсэнд талархал илэрхийлж, цаашид хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх, дижитал шилжилт болон институцийн чадавхыг бэхжүүлэх сургалтад хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Түүнчлэн БНЭУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтын ажиллагааг хөгжүүлэх, туршлага солилцох, хүний эрхийн чиглэлээр цахим платформ бий болгох, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах талаар санал солилцов.

Уулзалтын төгсгөлд талууд хүний эрхийг хамгаалах, дэмжих чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.