Гомдол
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Өмнөговь аймгийн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Өмнөговь аймгийн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

2026.02.10 344
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид 2026 оны 02 дугаар 09-ний өдөр Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Өмнөговь аймгийн салбарын дэд тэргүүн Б.Уянгаар ахлуулсан ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав. 

Уулзалтын үеэр Комиссын дарга Д.Сүнжид Өмнөговь аймаг дахь хүний эрхийн төлөв байдлын талаар мэдээлэл өгч, ялангуяа уул уурхайн салбарыг дагасан хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор үүсэж буй хүний эрхийн асуудлуудыг хөндлөө. Тодруулбал, эцэг, эх нь олон хоногоор ээлжийн ажилд явдгаас улбаалан хүүхдүүд гэртээ өрх толгойлон үлдэх, хоол хүнс, асаргаа дутмаг орхигдох, сургууль завсардах, үл хайхрах хүчирхийлэлд өртөх, хагас болон бүтэн өнчин хүүхдийн тоо нэмэгдэх, насанд хүрээгүй охидын жирэмслэлт, үр хөндөлт зэрэг асуудал анхаарал татаж буйг онцолсон юм. 

Тиймээс эдгээр асуудлуудаар Комиссын орон нутаг дахь референт, сумдын хамтарсан багуудтай  хамтран ажиллаж, урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг зөвлөлөө. 

Мөн Комиссын зүгээс охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, цахим залилан болон жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх, Өмнөговь аймагт хүний эрхийн сургагч багш бэлтгэх, хүний эрхийн боловсрол түгээх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг төлөвлөгөөний хүрээнд хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахаа  илэрхийллээ.