Гомдол
ХЭҮК: Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарыг 21 аймагт зонхилон зөрчигдөж буй 11 хүний эрхийн асуудалд анхаарал хандуулж, хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг онцлов

ХЭҮК: Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарыг 21 аймагт зонхилон зөрчигдөж буй 11 хүний эрхийн асуудалд анхаарал хандуулж, хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг онцлов

2026.01.16 60
Сонсох

Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр боллоо. Уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид оролцож, “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдал, анхаарах асуудлууд” сэдвээр илтгэл танилцуулсан юм. 

Комиссын дарга илтгэлдээ орон нутагт гарч буй хүний эрхийн зөрчлийн дийлэнх хувийг эзэлж буй 11 хүний эрхийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатайг онцоллоо. Үүнд: Шударгаар шүүлгэх, хөдөлмөрлөх, халдашгүй чөлөөтэй байх, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах, хүүхдийн эрх, нийгмийн халамж хүртэх, эд хөрөнгөтэй байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, сурч боловсрох  эрх зөрчигдөж байгааг хэллээ. 

Тэрбээр хүний эрхийн зөрчил нь зөвхөн нэг салбарын асуудал бус, орон нутгийн удирдлага, төрийн байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаанаас шууд хамааралтай бөгөөд хүний эрхэд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт, шийдвэр гаргалтыг орон нутгийн хөгжлийн бодлогын суурь болгох шаардлагатайг тэмдэглэлээ. 

Түүнчлэн, хүний эрхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зориулсан санхүүжилтийг аймаг, сумын төсөвт тусгах, иргэдийн мэдэх эрхийг хангах, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан зэрэг тодорхой бүлгийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчин, хүртээмжтэй дэд бүтцийг бүрдүүлэхэд бодит ахиц гаргахыг зөвлөв. 

Уулзалтын хүрээнд орон нутгийн удирдлагууд хүний эрхийн зөрчлийг бууруулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хамгаалах сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд идэвх, санаачилгатай  ажиллахаа илэрхийллээ.