Гомдол
БНСУ-ын хил дээрээс буцаагдсан иргэдийн гомдлыг танилцуулж шийдвэрлэх гарц санал болгов

БНСУ-ын хил дээрээс буцаагдсан иргэдийн гомдлыг танилцуулж шийдвэрлэх гарц санал болгов

2025.06.17 150
Сонсох

“БНСУ-д зорчиж буй болон тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн зарим эрхийн хэрэгжилт” сэдэвт уулзалт өнөөдөр /2025.06.17/ Төрийн ордонд боллоо. Уулзалтад УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Консулын газрын дарга Б.Болд нараас гадна гомдол гаргасан иргэдийн төлөөлөл оролцов.

Хүний эрхийн Үндэсний Комисс, БНСУ-ын хил дээрээс буцаагдсан иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх асуудлыг олон талт байгууллагын оролцоотойгоор шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор 2025 оны 05 дугаар 19-ний өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд иргэдээс гомдол, мэдээлэл хүлээж авсан бөгөөд энэ хугацаанд 25 иргэн хамтарч, 8 иргэн дангаар гомдол ирүүлсэн. Түүнчлэн Комиссын 7000-0222 дугаарын утсаар болон цахим хаягаар нийт 19 иргэн мэдээлэл ирүүлсэн юм.

Тус уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссоос Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар ХЭҮК-т ирсэн иргэдийн гомдлыг танилцууллаа.

Эдгээр иргэний зүгээс БНСУ-д зорчих явцдаа Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан чөлөөтэй зорчих, халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, хохирол нөхөн төлүүлэх болон хүүхдийн эрх зөрчигдсөн талаар гомдолдоо дурдсан. Мөн нэр төрөө сэргээлгэж, гарсан зардлыг эргэж төлүүлэх, БНСУ-ын виз дахин авч, зорчих зэрэг шаардлага тавьсныг мөн хэллээ.

Комисс иргэдийн гомдлыг дараах байдлаар шийдвэрлэх боломжтойг энэ үеэр танилцуулсан. Үүнд:

-Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын хамтын ажиллагааны санамж бичигт тусгах, хамтын ажиллагааг өргөжүүлэх,

-БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисст иргэдийн гаргасан гомдол, хүсэлтийг шилжүүлж, хяналт тавих,

-НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд асуудал дэвшүүлэх саналаа уламжлав.