Гомдол
Байгаль хамгаалагчдын хүний эрхийг хамгаалах талаар санал солилцлоо

Байгаль хамгаалагчдын хүний эрхийг хамгаалах талаар санал солилцлоо

2025.04.21 321
Сонсох

Байгаль орчны салбарт ажиллаж буй хүний эрх хамгаалагчдын эрхийг хамгаалах, байгаль хамгаалагчдын аюулгүй байдалд анхаарал хандуулах асуудлаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн  С.Дондов, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасантай өнөөдөр /2025.04.21/ санал солилцлоо.

Уулзалтаар байгаль хамгаалагчийн ажлын байрны үнэлгээг хийх, албан үүргээ гүйцэтгэх баталгаа бүрдүүлэх, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан батлагдсан УИХ-ын 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, байгаль хамгаалагчдын эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, сургалт зохион байгуулах, байгаль орчны салбар дахь хүний эрх хамгаалагчдын чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд гарын авлагаар хангаж, түүнчлэн ХЭҮК-ын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн орон тооны бус хороо байгаль орчны салбар дахь хүний эрх хамгаалагчдын  эрх зөрчигдсөн эсэх талаарх гомдлыг хүлээн авч, дүгнэлт гаргаж ажилласан талаар Комиссын гишүүн С.Дондов онцлон дурдаж, албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх сургалтыг үе шаттай хамтран зохион байгуулах боломжтойг хэлсэн юм. 

Харин  БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан тус салбарт 847 байгаль хамгаалагч ажилладаг. Байгаль орчны хамгаалагчдын эрхийг хамгаалах хуулийн зохицуулалт, хэрэгжилт сул байгаагаас үүдэн ажиллах хүчний хомсдол үүссэн. Үүнээс шалтгаалж нэг байгаль хамгаалагчийн ажлын ачаалал өндөр байдаг гэдэг мэдээлэл өгч цаашид байгаль хамгаалагчдын хүний эрхийг хангах талаар ажлын хэсэг гаргаж хамтарч ажиллахаа илэрхийллээ.