Гомдол
НҮБ-ын Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч доктор Ана Брайан Нугререс ХЭҮК-той албан уулзалт хийлээ

НҮБ-ын Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч доктор Ана Брайан Нугререс ХЭҮК-той албан уулзалт хийлээ

2025.04.09 130
Сонсох

Монгол Улсын Засгийн газрын урилгаар айлчилж буй НҮБ-ын Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч, доктор Ана Брайан Нугререс, НҮБ-ын хүний эрхийн ажилтан Соня Кронин нар Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. 

Тусгай илтгэгчид нь Хүний эрхийн Зөвлөлийн Тусгай журам хэмээн нэрлэгддэг, хүний эрхийн асуудлаар хараат бус шинжээчдээр дамжуулан баримт мэдээлэл цуглуулах, хяналт тавих зорилготой механизмыг хэрэгжүүлэгч гол бүрэлдэхүүн юм. 

Тухайлбал, хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч, доктор Ана Брайан Нугререс нь хувь хүний дата мэдээллийг хамгаалах, хүний эрүүл мэндийн мэдээлэл, кибер аюулгүй байдал, хяналт тандалтын арга хэмжээ, хэрэгжүүлэх механизм, шинэ тутам гарч ирж буй технологийн хэрэглээ болон тодорхой бүлгүүдийн хувийн мэдээлэл зэрэг хувийн мэдээллээ хамгаалах эрхийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар ажиглалт, судалгаа хийж, улмаар дүгнэлт зөвлөмж гаргах, ХЭҮК-оос хийж буй “Хүний эрх ба технологи” олон нийтийн нээлттэй хяналт шалгалтад дэмжлэг үзүүлэн, үнэлэлт өгөх зорилготой юм.

Айлчлалын хүрээнд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа, Б.Энхболд, Х.Мөнхзул, Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг нар НҮБ-ын Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч, доктор Ана Брайан Нугререс, НҮБ-ын хүний эрхийн ажилтан Соня Кронин, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Хүний эрхийн үндэсний зөвлөх Ч.Алтангэрэлтэй өнөөдөр /2025.04.09/ албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, хиймэл оюуны хэрэглээ, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системийн хэрэглээ, цахим орчин дахь жендерт суурилсан хүчирхийллийн талаар санал солилцлоо.

Түүнчлэн Комиссоос Улсын Их Хуралд хүргүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн “Хүний эрх ба цахим технологи”, “Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэл” бүлэгт тусгасан хүний эрхийн асуудал болон “Хүний эрх ба Технологи” олон нийтийн нээлттэй хяналт шалгалтын явц, үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Тусгай илтгэгчид өглөө.

НҮБ-ын Тусгай илтгэгч нь энэхүү айлчлалынхаа хүрээнд гаргах урьдчилсан дүгнэлтээ 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хамтран ажилласан төрийн байгууллагуудад танилцуулах бөгөөд 2026 оны 3-р сард Женевт НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хийсэн айлчлалын тайланг танилцуулна.

у