Гомдол
Эрүү шүүлтийг таслан зогсооход чиглэсэн үр нөлөөтэй бодлого хэрэгжүүлэхэд бүх талын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцоллоо

Эрүү шүүлтийг таслан зогсооход чиглэсэн үр нөлөөтэй бодлого хэрэгжүүлэхэд бүх талын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцоллоо

2025.04.03 125
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Б.Энхболд нар “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагын Ахлах зөвлөх Бен Баклейндийг өнөөдөр /2025.04.03/ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хүний эрхэд суурилсан мөрдөн шалгах ажиллагаа, эрүү шүүлтийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцлоо.

“Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” нь эрүү шүүлт болон бусад хэлбэрийн хүнлэг бус харьцаанаас урьдчилан сэргийлэх, энэ чиглэлээр тогтолцооны мониторинг хийх, бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, үндэсний болон олон улсын хэмжээнд үүрэг хүлээсэн талуудыг чадавхжуулах алсын хараатай байгууллага юм.

Уулзалтын эхэнд Комиссын дарга Д.Сүнжид манай улсад 3 дахь удаагаа ажиллаж, хууль сахиулах салбарын хүний нөөцийг чадавхжуулах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэхэд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж байгаагаа илэрхийлээд Комиссоос эрүү шүүлттэй холбоотой гомдол мэдээллийг шалган шийдвэрлэж буй байдал, хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд баримталж буй бодлого, гадаад, дотоод хамтын ажиллагаа, гарсан дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Тухайлбал, Комиссын жил бүрийн хүний эрхийн илтгэлд тулгуурлан Улсын Их Хурлаас баталж буй тогтоолд эрүү шүүлтээс ангид байхыг эрхийг хамгаалах бодлогын арга хэмжээг тасралтгүй тусгаж, ажил хэрэг болж байна. Энэ цаг үед УИХ-аар хэлэлцэж байгаа хүний эрх, эрх чөлөөний багц хуулиудад ч эрүү шүүлтээс ангид байх, хууль зүйн туслалцааг бодитой хүргэхэд чиглэсэн зохицуулалтууд хэлэлцэгдэж байна гэв. 

Харин ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд Комисст ирж байгаа гомдол мэдээллийн 37 орчим хувь нь эрүү шүүлт, хүнлэг бус харьцаатай холбоотой гомдол байдаг бөгөөд гомдол шалгах ажиллагааны хүрээнд хорих байгууллага, цагдан хорих төв зэрэг зөрчил гарсан газарт шуурхай ажиллаж шаардлагатай арга хэмжээг авч байгааг онцлов.  
Түүнчлэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдал, төрөл хэлбэр, хохирогч хамгаалал, зөрчигдсөн эрхийг сэргээх, оролцогчдын өмгөөлүүлэх эрхийг хангах, мөрдөн шалгах ажиллагаанд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг тусгаж, УИХ-д хүргүүлсэн талаар цохон тэмдэглэлээ.

Ахлах зөвлөх Бен Баклейндийг эрүү шүүлтийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд Хүний эрхийн Үндэсний Комиссын  манлайлал, дэмжлэг чухал байгааг дурдаад цаашид үр нөлөөтэй бодлого хэрэгжүүлэхэд бүх талын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцоллоо. Мөн Монгол Улс бүс нутагтаа хүний эрхийг хамгаалахад байнгын идэвхтэй ажиллаж байгааг улам идэвхжүүлэхийг санал болгосон юм.     

Цаашид үндэсний болон бүс нутгийн хүний эрхийн нөхцөл байдал, эрүү шүүлтийн тодорхой зохион байгуулж байгаа хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний эрх хамгаалах тогтолцоонд хүний эрхийн үндэсний байгууллага, тусгай механизмуудын гүйцэтгэх үүргийн талаар туршлага солилцож байхаар тогтлоо.     

“Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагын Ахлах зөвлөх Бен Баклейнд нь НҮБ-ын “Мөрдөн шалгах, мэдээлэл цуглуулах ажиллагаанд үр дүнтэй ярилцлага хийх зарчмууд” буюу Мендезийн зарчмуудыг хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд нэг мөр нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2025 оны 03 дугаар сарын 31-нээс 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Монгол Улсад ажиллаж байна.