Гомдол
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анхдугаар форум боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анхдугаар форум боллоо

2024.05.29 444
Сонсох

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монголын Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анхдугаар форум” өнөөдөр /2024.05.29/ боллоо.

Монголын Тэргэнцэртэй иргэдийн үндэсний Холбоо нь 2023-2024 оны хичээлийн жилд Боловсролын Ерөнхий Газар, Дүфрэснэ Готьерын Сангийн дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг ерөнхий боловсролын дөрвөн сургуульд “Эрхээ мэдье, Эрхээ хэрэгжүүлье” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өөрийн удирдлагын байгууллагыг байгуулж, чадавхжуулан ажиллаж буйгаараа онцлогтой. 

Хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй сурагчид үе тэнгийнхний “Дэмжих бүлэг”-ийг (Сурагчдын клуб) байгуулан хамтдаа хөгжих, харилцан суралцах, хүний эрхийн мэдлэгтэй болох, өөрийгөө илэрхийлэх, тулгамдсан асуудлаа тодорхойлох зэрэг ур чадварт суралцаж байна. 

Тус форумыг ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан нээж хэлсэн үгэндээ “Боловсрол нь хүн төрсөн цагаас эхлэн насан туршид нь үргэлжилдэг үйл явц. Өөрөөр хэлбэл, хүүхэд гэр бүл, хүрээлэн буй орчноо танин мэдэж, түүнээс суралцдаг тул хүүхдийн боловсрол, түүний чанарын асуудалд онцгой анхаарах нь чухал юм. 

Хүүхдэд эрхийн талаарх мэдлэг, ойлголт олгосноор хүүхэд өөрийнхөө эрхээ хамгаалдаг, бусдын эрхийг зөрчдөггүй байх суурь мэдлэг боловсролыг эзэмшүүлдэг. 

“Эрхээ мэдье, Эрхээ хэрэгжүүлье” хөтөлбөрт хамрагдсан сурагчид хүсэл зорилго, үзэл бодлоо илэрхийлж, хэрэгцээгээ тодорхойлон, оролцох, хөгжих эрхээ мэддэг болж чадавхжиж байна. Тиймээс ерөнхий боловсролын бусад сургуулиудад “Дэмжих бүлэг” байгуулж, сурагчид үр шимийг нь хүртээгээсэй гэж Комиссын зүгээс хүсэж байна” гэлээ.

Улмаар Монгол Улс нь холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актаар хүүхдийн сурч боловсрох эрхийг зохицуулсан боловч эрхийн хэрэгжилт 100 хувь хангагдаж чадахгүй байна.

Тиймээс ХЭҮК өнгөрсөн 2023 онд ерөнхий боловсролын 29, 113 дугаар сургуульд суралцаж байгаа сурагчдын эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, шалгалтын үр дүнг үндэслэн Комиссын гишүүний шаардлагыг холбогдох албан тушаалтанд хүргүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилт, тэр дундаа орчны хүртээмжийн асуудал дээшилж байна гэлээ.