Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа

2023.05.15 1056
Сонсох

Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах ялангуяа хорих, баривчлах, цагдан хорих үйл ажиллагаанаас үүдсэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, алба хаагчдын хүний эрхийн болон хууль, зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хоёр байгууллагын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгууллаа.

Уулзалтын үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төсөв санхүүгийн хүрэлцээ, хууль сахиулах байгууллагын үйлчилгээнд цахим бүртгэлжүүлэлт нэвтрүүлэх, удирдлагын багт жендэрийн эрх тэгш байдлыг хангах, алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт болон нийгмийн баталгааг сайжруулах, ажлын байрны дарамтаас ангид байх, цаашлаад цагдан хорих, баривчлах, хорих ял эдлэж буй хоригдлын статистик үзүүлэлтийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлж байх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Санамж бичгийн хүрээнд,

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, боловсрол олгох, чадавхжуулах зорилгоор сургагч багш бэлтгэж, сургагч багшаар дамжуулан алба хаагчдыг чадавхжуулах сургалтыг аймаг, нийслэл дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, байгууллагад хамтран зохион байгуулах;

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдыг оролцуулсан “хорих, баривчлах, цагдан хорих үйл ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд” анхаарах асуудлын талаар уулзалт, хэлэлцүүлгийг жил бүр зохион байгуулах;

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад зориулсан хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын талаар боловсрол олгох ном, гарын авлагаар хангах зэргээр хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг алба хаагчдад төлөвшүүлэх юм.

“Санамж бичиг” байгуулах арга хэмжээнд ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Б.Энхболд, ШШГЕГ-ын дарга, хурандаа О.Амарсанаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Дашдаваа, Хяналт, шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Батзориг, Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүй болон бусад албаны хүмүүс оролцлоо.