Гомдол
Цэргийн анги байгууллага дахь дүрмийн бус харьцааны шалтгаан нөхцөлийг илрүүлнэ

Цэргийн анги байгууллага дахь дүрмийн бус харьцааны шалтгаан нөхцөлийг илрүүлнэ

2021.05.21 384
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Төрийн цэргийн байгууллагын харьяа анги, салбарууд дахь дүрмийн бус харьцааны шалтгаан нөхцөл” судалгааны ажлыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабтай хамтран хийхээр судалгааны ажлыг өнөөдөр эхлүүллээ. Судалгааны ажлын хэсгийн хурал 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр болж, ажлын хэсгийн хуралд ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Б.Энхболд, ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл, УЕПГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор Ц.Мөнхбат, ЗХЖШ-ын Нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар, БХЯ-ны Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, ХХЕГ-ын Цэргийн албаны зохион байгуулалтын газрын дарга, хурандаа Т.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Цэргийн алба хаагчдын халдашгүй чөлөөтэй байх эрхийн хэрэгжилтийн нөхцөлийг судлах, тэр дундаа цэргийн анги, байгууллагад хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан нөхцөл, цэргийн алба хаагчдын захирах, захирагдах харилцаанаас үүдэн гарч буй дүрмийн бус харьцааны зөрчил, хэлбэр, илрэл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, цэргийн албаны харилцааг зохицуулж буй хууль тогтоомж, дүрэм журам хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж, холбогдох талуудад санал зөвлөмж хүргэхэд судалгааны ажлын зорилго оршиж байна.

Сүүлийн 8 жилийн судалгаанаас үзэхэд цэргийн албаны эсрэг гэмт хэрэг 125 бүртгэгдсэнээс 98 буюу 74.8 хувь нь цэргийн алба хаагчид бие биедээ хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн шинжтэй үйлдэл байна. Тиймээс төрийн цэргийн байгууллагуудын харьяа анги салбарт хугацаат цэргийн алба хааж байгаа цэргийн алба хаагчдын эрх, эрх чөлөөний хэрэгжилт, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон шалтгаан нөхцөл, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх нь чухал байна.

Судалгааны ажлын хэсгийн ахлагчаар ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Б.Энхболд, Ерөнхий зохицуулагчаар Боловсрол, судалгааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Өнөржаргал, Нарийн бичгийн даргаар Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Шинэбаяр ажиллах юм.