"... Хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, аятай нөхцөлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй. ”
(Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 23 дугаар зүйлийн 1 дэх заалт)
"... Энэхүү Пактад оролцогч улсууд Хүн бүр аж төрөхдөө чөлөөтэй сонгох, чөлөөтэй тохиролцох боломжийг олгосон хөдөлмөрлөх эрхийг хүлээн зөвшөөрч, энэ эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохистой алхам хийнэ. ”
(Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын б дугаар зүйлийн 1 дэх заалт)
“...ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”
(Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалт)
Хөдөлмөрлөх эрх нь хүний суурь эрхийн нэг бөгөөд маш өргөн утгатай ойлголт юм. Хөдөлмөрлөх эрхийн хүрээнд хөдөлмөрийн харилцаа, түүн дэх ялгаварлан гадуурхалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгаалал, ажлын цаг, цалин хөлс, нийгмийн яриа хэлэлцээ, хууль бус хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн хөдөлмөр зэргээс гадна сүүлийн үед ХДХВ-ДОХ болон албадан хөдөлмөр зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хамруулж үздэг байна.
Хувь хүн ажлынхаа төрөл, хэлбэрийг хэний ч дарамт шахалтгүйгээр зөвхөн өөрөө шийдвэрлэх эрхийг ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх гэнэ. Хувь хүн ажлаа чөлөөтэй сонгож, хийсэн ажлынхаа үр шимийг хүртэхийг хөдөлмөрлөх эрх гэнэ. Хэнийг ч албадан хөдөлмөрлүүлж үл болно. Өөрөөр хэлбэл хүн хөдөлмөрлөхгүй ч байж болно.
Хөдөлмөрийн харилцаа нь эдийн засгийн хөгжил, улс төрийн үзэл баримтлал, үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэл зэргээс хамаарч улс орон бүрд өөр өөрөөр зохион байгуулагдаж байдаг. Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь 1919 онд үүсэн байгуулагдсанаасаа эхлэн хөдөлмөрлөх эрхийн суурь зарчим, шаардлагуудыг тодорхойлж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тиймээс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн харилцааг зохицуулсан конвенц, зөвлөмжүүдийг улс орнууд өргөн хүрээнд соёрхон баталсан байдаг.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо, Ерөнхий тайлбар N0.18- д Хөдөлмөрлөх эрхийг дэлгэрүүлэн тайлбарласан байдаг. (Е/С.12/СС/18, 2006 оны 2-р сарын 6) пактын 2 дугаар зүйлд эрх тэгш байдлын үндсэн дээр хөдөлмөрлөх эрхийг нь хангах, улмаар хөдөлмөрийн харилцаанд яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, эд хөрөнгийн байдал, угсаа гарал, биеийн болон оюуны хөгжлийн бэрхшээл, ХДХВ/ДОХ-ыг оролцуулан эрүүл мэндийн байдал, бэлгийн чиг баримжаа зэргээр ялгаварлан гадуурхахыг хориглодог байна.
Монгол Улсын Үндсэн хуульд "Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх, цалин хөлс авах, амрах" хэмээн хүний хөдөлмөрлөхтэй холбоотой эрхийг баталгаажуулж заасны зэрэгцээ Монгол Улсын нэгдэн орсон Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 10 гаруй гэрээ, конвенцын заалтууд, хөдөлмөрлөхтэй холбоо бүхий л хүний эрхийн олон улсын суурь зарчмуудыг Хөдөлмөрийн хууль, тогтоомжид үндсэндээ тусгасан байна. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д ажилтан нь "Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх үүснэ.
Хөдөлмөрлөх эрхийн талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн Хорооноос 2005 онд гаргасан ерөнхий зөвлөмжид хөдөлмөрийн шударга, таатай нөхцөлийг дараах үндсэн хүрээнд авч үзсэн байна. Үүнд:
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа буюу ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой ажилтнуудын бие махбод, оюун санааны халдашгүй байдал
- Өөрийн болон гэр бүлийн амьжиргааг тэтгэж хүрэлцэхүйц хэмжээний цалин хөлс авах.
Энэхүү эрх нь ажилчдад болон тэдний гэр бүлд амьдралын аятай таатай нөхцөлийг баталгаажуулахын тулд бага цалинтай ажилчдыг хамгаалах, цалингийн доод хэмжээг тогтоож өгөх, ижил төрлийн ажилд адил цалин олгох зарчмыг хэрэгжүүлэх, ажлын байран дээр нас, хүйс, шашин шүтлэг, угсаа гарал зэрэг хүний хувийн шинжээр нь ялгаварлан гадуурхахаас хамгаалах зэрэг олон ойлголтыг хамаардаг. Ажиллагсдад хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орохоос өмнө тэдний цалин хөлс, холбогдох зүйлсийг мэдээлэх ёстой.