Гомдол
Хөгжлийн төслийн бүхий л үе шатанд нөлөөлөлд өртөж болзошгүй иргэдийн хүний эрхийн болон нийгэм, соёлын эрхийг үнэлэх шаардлагатайг ХЭҮК-оос онцоллоо

Хөгжлийн төслийн бүхий л үе шатанд нөлөөлөлд өртөж болзошгүй иргэдийн хүний эрхийн болон нийгэм, соёлын эрхийг үнэлэх шаардлагатайг ХЭҮК-оос онцоллоо

2026.08.22 120
Сонсох

Өнөөдөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК), Жендэрийн үндэсний хороо, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO), “Хил хязгааргүй алхам” ТББ, Оксфордын Их Сургуулийн Газарзүй, байгаль орчны сургууль хамтран малчдын нутаг, бэлчээр, амьжиргаа болон хүний эрхийг хамгаалах, хариуцлагатай, тогтвортой хөгжлийг дэмжихэд нийгмийн нөлөөллийн үнэлгээний ач холбогдлыг хэлэлцэх салбар арга хэмжээг зохион байгууллаа.

Монгол Улсад Нийгмийн нөлөөллийн эрсдэлийн үнэлгээний тухай хуулийн төсөл боловсруулагдаж буйтай холбогдуулан нийгмийн нөлөөллийн үнэлгээг хөгжлийн төсөл хэрэгжүүлэхийн өмнө болон хэрэгжүүлэх явцад хэрхэн үр дүнтэй ашиглах, нөлөөлөлд өртөж буй иргэдийн оролцоо, эрхийг хэрхэн хангах талаар холбогдох талууд илтгэл хэлэлцүүлж, олон улсын болон дотоодын туршлагад тулгуурлан санал солилцов.  

Мөн Дундговь, Дорноговь аймгийн малчид хөгжлийн төслүүдийн улмаас уламжлалт нутаг, бэлчээр болон нүүдлийн амьдралд нь тулгарч буй өөрчлөлт, хүндрэл, бодит туршлагаа хуваалцлаа.

Тус хэлэлцүүлэгт ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн ахлах референт Ч.Ариунаа “Хөгжлийн төслүүдийн нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийн эрхийн зарим асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Тухайлбал, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хөгжлийн төслүүдийн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдийн эрхийн хэрэгжилтийн талаар Комиссын хийсэн судалгаа, хяналт шалгалт, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэлд үндэслэн зарим асуудлыг хөндөн танилцуулав.

Монгол Улсад хөгжлийн төслүүд нь дэд бүтцэд төвлөрч байна. Иймд хөгжлийн үр өгөөжийг эдийн засгийн үзүүлэлтээр хэмжихийн зэрэгцээ түүний нөлөөлөлд хүний эрх хэрхэн хангагдаж, иргэдийн амьдрал, амьжиргаа, газар нутаг, соёлын орчин хэрхэн хамгаалагдаж байгааг хамтад нь үнэлэх шаардлагатай.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс өнгөрсөн 25 жилийн хугацаанд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хэрэгжилтийн асуудлыг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 10 удаагийн илтгэлдээ тусгаж, төрөөс тодорхой арга хэмжээ авах талаар 49 саналыг Улсын Их Хуралд хүргүүлж, холбогдох шийдвэрийг гаргуулсан юм.

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд,  Ховд, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Орхон аймагт уул уурхайн үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тусгасан.

Комисс сүүлийн 3 жилийн байдлаар иргэдээс эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотой 100 орчим  гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэсэн.

Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөхөд газар, өмч, амьжиргаа, эрүүл мэнд, мэдээлэл авах, шийдвэр гаргалтад оролцох, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг олон эрх харилцан уялдаатайгаар хөндөгдөж байна.

Комисст ирүүлсэн гомдол, мэдээлэл, газар дээрх хяналт шалгалтуудын дүнгээс үзэхэд хүний эрхийн эрсдэлийг төсөл хэрэгжиж эхэлсний дараа илрүүлж, арга хэмжээ авах нь хангалтгүй бөгөөд хууль, журмын хэрэгжилт сул байгааг харуулж байна. Иймд төслийн байршил сонгох, төлөвлөх, зөвшөөрөл олгох, нөлөөллийн үнэлгээ хийх зэрэг эхний үе шатнаас нь эрсдэлийг урьдчилан тодорхойлж, түүнээс сэргийлэх арга хэмжээг шийдвэрийн нэг хэсэг болгох шаардлагатай. Ингэхдээ иргэдийн утга учиртай, мэдээлэлтэй оролцоог хангаж, хүний эрхэд суурилсан төлөвлөлт, хэрэгжилт, хяналтын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.