Complaint
Оксфордын Их Сургуулийн Хууль зүйн факультетын Эрүүл мэнд, хууль зүй, шинэ технологийн төвийн гишүүн, Профессор Жейн Кэй-ийг хүлээн авч уулзлаа

Оксфордын Их Сургуулийн Хууль зүйн факультетын Эрүүл мэнд, хууль зүй, шинэ технологийн төвийн гишүүн, Профессор Жейн Кэй-ийг хүлээн авч уулзлаа

2026.08.17 76
Listen

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд “Хүний эрх ба технологи” олон нийтийн хяналт шалгалтыг 2024, 2025 онд явуулж, хяналт шалгалтын үр дүнд үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдад  зөвлөмж хүргүүлсэн.

Энэхүү олон нийтийн хяналт шалгалтын хүрээнд 11 салбарыг хамруулсны нэг нь эрүүл мэндийн салбар бөгөөд тус салбарын цахимжилт, хүний эрх, хүний хувийн мэдээллийн хамгааллын асуудлаар Комисс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Эрүүл мэндийн салбарын цахимжилт ба хүний эрх, хүний хувийн мэдээллийн эрсдэл” сэдэвт судалгааг гүйцэтгэсэн. Судалгааг удирдсан Оксфордын Их Сургуулийн Хууль зүйн факультетийн Эрүүл мэнд, хууль зүй, шинэ технологийн төвийн гишүүн, Профессор Жейн Кэй-ийг 2026.08.14-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр олон нийтийн хяналт шалгалтын хүрээнд боловсруулсан зөвлөмжийг дэмжих, эрүүл мэндийн салбарын цахимжилтад анхаарах, хүний хувийн мэдээллийн олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

“Эрүүл мэндийн салбарын цахимжилт ба хүний эрх, хүний хувийн мэдээллийн эрсдэл” судалгааны ажлын үр дүнд эрүүл мэндийн цахимжилтыг хүний эрх, хүний хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангасан эрх зүйн нэгдсэн зохицуулалтаар хангах, биометрик мэдээлэл, хиймэл оюун, их өгөгдөл ашиглахтай холбоотой хүний эрхийн эрсдэлийг урьдчилан үнэлэх, эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалах, солилцох, хамгаалах үйл ажиллагааг боловсронгуй болгох, иргэдийн мэдээлэлдээ хяналт тавих эрх болон цахим эрүүл мэндийн үйлчилгээний тэгш хүртээмжийг хангах чиглэлээр зөвлөмж боловсрууллаа.

Эрүүл мэндийн салбарын цахимжилтад хүний эрхийг хангах талаар

1. Эрүүл мэндийн салбарын цахимжилтийн бодлого, хууль тогтоомж ба ХХМХтХ-ийн нийцлийг цогцоор үнэлэх, эрүүл мэндийн салбарт ХХМХтХ-ийг зөрчин гарын хурууны хээгээр танин баталгаажуулалт хийж байгаа нь гарцаагүй шаардлагатай эсэхийг үнэлж, ХХМХтХ-д өөрчлөлт оруулах эсхүл хууль бус үйлдлийг таслан зогсоох арга хэмжээг шуурхай авах;

2. Инновацыг дэмжих болон хувийн нууцыг хамгаалах шаардлагын зохист тэнцвэрийг хангах байдлаар эрүүл мэндийн салбарт хиймэл оюун, их өгөгдөл ашигласнаас үүдэн гарч болох хүний эрхийн зөрчлөөс хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх, ялангуяа эрүүл мэндийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр боловсруулах хууль ёсны үндэслэл болох нийтийн эрүүл мэндийг хамгаалах, яаралтай тусламж үзүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаанд ашиглах тохиолдлын хамрах хүрээг тодорхой хуульчлах;

3. Эрүүл мэндийн мэдээллийн удирдлагын нэгдсэн бодлого боловсруулж, мэдээллийн ангилал, эзэмшигч, хандалтын түвшин, ашиглалтын журам, хадгалалтын хугацаа, устгах журмыг тодорхой болгох, эрүүл мэндийн мэдээллийн системүүдийн харилцан уялдаа, мэдээлэл солилцооны нэгдсэн стандарт, архитектурыг баталж, давхардсан бүртгэл, мэдээллийн зөрчлийг арилгах замаар эрүүл мэндийн мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хангах;

4. Эрүүл мэндийн мэдээллийг гадаад улсын нутаг дэвсгэрт байрлах серверт хадгалах, олон улсын байгууллага, судалгааны байгууллага, гадаад улсын эрүүл мэндийн байгууллагатай солилцох тохиолдолд мөрдөх мэдээлэл хамгаалах шаардлага, зөвшөөрлийн нөхцөл, хариуцлагын зохицуулалтыг тодорхойлж, хуульчлах;

5. Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж буй бүх байгууллагад шифрлэлт, хандалтын шатлал, аудитын мөр, нэвтрэх эрхийн хяналт, кибер хамгаалалт, мэдээлэл алдагдлын илрүүлэлт, нөөцлөлт, сэргээх болон тасралтгүй ажиллагааны нэгдсэн стандартыг заавал мөрдүүлж, эрүүл мэндийн цахим системд аюулгүй байдлын аудит, нэвтрэлтийн туршилтыг тогтмол хийж, үр дүнг мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагад тайлагнах механизмыг бий болгох;

6. Эрүүл мэндийн мэдээллийн цахим систем, хиймэл оюун, биометрик болон генетик мэдээлэлд ашигласан шийдэл бүрд хүний эрхийн эрсдэлийн үнэлгээ заавал хийж, үр дүнг мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагад тайлагнах хууль зүйн шаардлагыг эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжид туслах;

7. Эрүүл мэндийн цахим системд “хамгийн бага мэдээлэл цуглуулах”, “зорилгоор хязгаарлах”, “системийн зураг төсөл, хөгжүүлэлтийн шатнаас нууцлалыг хангах”, “нууцлалыг анхдагчаар идэвхтэй байлгах” зэрэг хувийн мэдээлэл хамгаалах зарчмуудыг мөрдөх, эрүүл мэндийн мэдээлэлд хандсан бүх үйлдлийг бүртгэх, мэдээллийн эзэнд бодит цагийн горимоор автомат мэдэгдэл хүргэх технологийн шийдэл, тохируулгыг И-Монгол систем, холбогдох мэдээллийн санд нэвтрүүлэх;

8. Эрүүл мэндийн мэдээлэлд хэн, хэзээ, ямар зорилгоор хандсаныг мэдэх, алдаатай мэдээллийг залруулах, хууль ёсны үндэслэлээр мэдээллийг устгуулах, мэдээллийг их өгөгдөл бүрдүүлэх зэрэг хоёрдогч зорилгоор ашиглуулах эсэхээ шийдвэрлэх, өмнө өгсөн зөвшөөрлөө өөрчлөх, цуцлах эрх зүйн нарийвчилсан зохицуулалтыг бий болгож, иргэдийн эрүүл мэндийн мэдээлэлдээ хяналт тавих эрхийг баталгаажуулах;

9. Эрүүл мэндийн мэдээлэл алдагдсан, зөвшөөрөлгүй хандсан, системийн доголдол үүссэн тохиолдолд мэдээллийн эзэнд шуурхай мэдэгдэх, эрсдэлийг бууруулах, зөрчлийг шалгах, хариуцлага тооцох, хохирлыг барагдуулах журам, механизмыг хуульчлах;

10. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алслагдсан бүс нутгийн хүн ам, орлого багатай болон бусад эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх цахим эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг хангах тусгайлсан бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийн “Иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт” бүлэгт эрүүл мэндийн мэдээллийн систем, цахимжилтын хүний эрхийн асуудлыг тусгасан. Тус илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 25 дугаар тогтоолоор эрүүл мэндийн мэдээллийн систем, цахимжилттай холбоотой асуудлаар хэрэгжүүлэх 2 арга хэмжээг тусгаж Монгол Улсын Засгийн газарт үүрэг өгсөн болно.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 25 дугаар тогтоолд тусгагдсан заалт:

к/ эрүүл мэндийн салбарт хүний хувийн мэдээллийг хамгаалах асуудал, биометрик мэдээллийн талаарх Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулах;

л/ Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил, иннрвац, харилцаа холбооны сайдын 2025 оны А/130, А/58 дугаар хамтарсан тушаалд заасны агуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид тавих шаардлагыг хангасан эсэхэд үнэлгээ хийж, шаардлагад нийцүүлэх, эрүүл мэндийн нэгдсэн санг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх;