Complaint
ХЭҮК-ын Жендэрийн стратеги төлөвлөгөө болон “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай” конвенцын хороонд хүргүүлэх хөндлөнгийн илтгэлийг танилцуулж, санал солилцов

ХЭҮК-ын Жендэрийн стратеги төлөвлөгөө болон “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай” конвенцын хороонд хүргүүлэх хөндлөнгийн илтгэлийг танилцуулж, санал солилцов

2026.07.01 72
Listen

  Хүний эрхийн дээд комиссарын газар болон Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын олон улсын зохицуулах хорооноос 2012 онд Иордан Улсын Амман хотноо зохион байгуулсан  “Жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжих нь” хүний эрхийн үндэсний байгууллагуудын үүрэг, роль” сэдэвт бага хурлаас “Амманы тунхаглал”-ыг баталсан.

Тус тунхаглалаар хүний эрхийн үндэсний байгууллагууд хүний эрхийг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгох шаардлагатайг онцолсон юм.

Мөн Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулган (APF)-аас 2024 онд бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагууд үйл ажиллагаандаа жендэрийн асуудлыг хэрхэн тусгаж буйг үнэлсэн суурь судалгаа хийжээ.

Судалгаагаар байгууллагууд жендэрийн тэгш байдлыг дэмжих тууштай байр суурьтай боловч бодлого, төлөвлөлт, удирдлагын манлайлал, ажилтнуудын мэдлэг, ур чадвар болон практик хэрэгжилтийн хувьд ялгаатай түвшинд байгааг тогтоосон тул Хүний эрхийн үндэсний байгууллагууд өөрсдийн жендэрийн стратегийг боловсруулж эхлээд байна.

Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Жендэрийн стратеги төлөвлөгөө (2026–2030)”-ний төсөл болон “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай” конвенцын хороонд хүргүүлэх хөндлөнгийн илтгэлийн төслийг холбогдох байгууллагуудад танилцуулж, санал авлаа.

Хэлэлцүүлэгт Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба, жендэрийн үндэсний шинжээчид, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон жендэрийн эрх тэгш байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, санал солилцов.

 Жендэрийн стратеги нь Хүний эрхийн Үндэсний Комисс үйл ажиллагаандаа жендэрийн эрх тэгш байдлыг системтэй тусгах, эмэгтэйчүүд, охид болон хүйсийн олон янз байдлыг харгалзан бүх хүний эрхийг хамгаалах, тэргүүлэх чиглэл, зорилт, үйл ажиллагаагаа тодорхойлох, шаардлагатай нөөцийг төлөвлөн хэрэгжүүлэх, байгууллагын дотоод чадавхыг бэхжүүлэх, мөн дотоод, гадаад оролцогч талуудад байгууллагын бодлого, чиглэлийг ойлгуулахад чухал ач холбогдолтой юм.