Гомдол
Дундговь аймгийн зарим байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ

Дундговь аймгийн зарим байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ

2026.06.10 84
Сонсох

“Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээг Дундговь аймагт зохион байгуулж байгаа бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунагаар ахлуулсан ажлын хэсэг зургаадугаар сарын 7-ны өдөр Дундговь аймаг дахь зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хяналт шалгалт хийлээ.

Шүүх шинжилгээний хэлтэст ажиллах үеэр шинжээч эмчийн орон тоо дутмаг, бага насны хүүхдэд үзлэг хийх зориулалтын ор хүрэлцээгүй, ариун цэврийн байгууламжийн нөхцөл шаардлага хангахгүй байгааг онцолсон байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмж хангалтгүй байгааг дурдаж, стандартад нийцсэн налуу шат, тусламжийн хонх суурилуулах, орц гарцыг чөлөөтэй болгох чиглэлээр зөвлөмж өгчээ.

Теле камерын хяналтын дэд төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах журам боловсронгуй болгох, 24 цагийн хяналт хэрэгжүүлэх хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх, камерын арчилгаа, цэвэрлэгээний үеийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах шаардлагатайг анхааруулсан байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар хугацаа нь дууссан эм, тариа хадгалж байсан зөрчил илэрчээ. Үүнтэй холбоотойгоор хугацаа дууссан эмийг устгах, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, эмийн төсвийг шийдвэрлэх чиглэлээр арга хэмжээ авахыг үүрэг болголоо.

Түүнчлэн усанд орох, ариун цэврийн өрөө ашиглах үед хоригдлыг камераар шууд хянаж буй нь хүний эрхийн зөрчил болохыг анхааруулж, уг зөрчлийг арилгахыг чиглэл болгожээ. Шалгалтын үеэр насанд хүрээгүй гурван хүүхэд цагдан хоригдож байгаатай холбоотойгоор тэдний сурч боловсрох эрхийг хангах, анги дэвших болон төгсөх шалгалтад хамруулах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг Комиссын гишүүн Ж.Хунангийн зүгээс мөн анхааруулав.