Complaint
Дундговь аймагт “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээ эхэллээ

Дундговь аймагт “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээ эхэллээ

2026.06.09 111
Listen

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2001 онд байгуулагдсан цагаасаа эхлэн “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээг 21 аймаг, алслагдсан сумдад зохион байгуулж ирсэн.

Энэ хүрээнд батлагдсан төлөвлөгөөний дагуу ХЭҮК-ын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймагт тус арга хэмжээг эхлүүллээ.
“Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд аймгийн удирдлагуудтай хүний эрхийн нөхцөл байдлын талаар уулзалт зохион байгуулах, батлагдсан удирдамжийн дагуу сонгогдсон байгууллагад хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох хяналт шалгалт хийх, зарим төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, хүний эрхийн сургалт зохион байгуулах, иргэд, олон нийтэд хууль зүйн зөвлөгөө өгөх, гомдол, мэдээлэл хүлээн авах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.


Аймгийн хүний эрхийн нөхцөл байдлын талаар харилцан санал солилцох уулзалтад ХЭҮК-ын ажлын хэсэг, Дундговь аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ш.Энхсүх, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар болон холбогдох төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцож, Комиссын гишүүн Ж.Хунан Дундговь аймагт хүний эрхийн тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өгөв.

Тус аймгийн хүний эрхийн төлөв байдалд хийсэн дүн шинжилгээгээр уул уурхайн нөлөөллөөс үүдсэн хөрс, ундны усны асуудал, зам тээврийн осол, гэр бүлийн хүчирхийлэл, охидын жирэмслэлт, төрөлт, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрхийн асуудал, хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрх, мэдэх эрхийг хангахад анхаарах шаардлагатайг онцоллоо.
Мөн Дэлгэрцогт сумын сургуулийн дотуур байр, сургуулийн дотуур байруудын хяналтын камер ашиглалт, шинээр баригдаж буй барилга байгууламж, төрийн байгууллагын гадна, дотор орчныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмж болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлэх, сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд аймгийн удирдлагуудыг онцлох анхаарч ажиллахыг санууллаа.

Мөн өдөрлөгийн хүрээнд Комиссын гишүүн Ж.Хунан 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Телекамерын хяналтын дэд төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, тухайн байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудыг дурдаж ойрын хугацаанд шийдвэрлэж ажиллахыг онцоллоо.