Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл ТББ-тай хамтран “Хүний эрхийн үндэсний тогтолцооны чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт цуврал хэлэлцүүлгийн хоёр дахь уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт төр, иргэний нийгмийн байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөлөл, хуульч, судлаач 45 хүн оролцож, Хүний эрхийн Үндэсний Комисст хуулиар хүлээлгэсэн чиг үүрэг, хэрэгжүүлж буй механизмын үр нөлөө, тулгамдсан асуудал зэргийг хэлэлцэж боловсронгуй болгох боломжийн талаар санал солилцов.
Хэлэлцүүлгийг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа нар нээж үг хэлэв.

Хүний эрхийн Үндэсний Комисст 9 хуулиар 20 чиг үүргийг тодорхойлсон бөгөөд ерөнхий 17 чиг үүргээс гадна хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоо, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн хяналтын тогтолцоо, хүний хувийн мэдээлэл хамгаалах тогтолцоо болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Комисст хуулиар олгосон тусгайлсан бүрэн эрхийн хэрэгжилт, тулгамдсан асуудлыг хэлэлцлээ.
Хүний эрх, хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож хүний эрх хамгаалагчдын талаар үндсэн илтгэлдээ хуулиар зохицуулсан нь ахицтай алхам болсон бөгөөд хүний эрх хамгаалагчийн талаарх мэдлэг, ойлголт, сургалт сурталчилгаа ялангуяа орон нутгийн хэмжээнд хангалтгүй байгаа нь хамгаалалтын тогтолцооны үр нөлөөг бууруулж байгааг тэмдэглэлээ.
Панел хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Хүний эрхийн судлаач Б.Хишигсайхан ажиллаж, хэлэлцүүлэгт ХЭҮК-ын гишүүн С.Дондов, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Н.Арвинтариа, Хуульч, өмгөөлөгч Л.Баасанжав нар оролцов. Оролцогчдоос нийтийн эрх ашгийг хамгаалан ажиллаж буй иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын нэр төрд халдах, гутаан доромжлох, шүүх ажиллагаанд татан оролцуулах зэрэг дарамт шахалтад өртөх эрсдэл өндөр хэвээр байгааг тодотгов.

МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээний гүйцэтгэх захирал Д.Энхжаргал хэлэлцүүлгийн хоёр дахь сэдвийн хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих төрийн байгууллагуудын чиг үүргийн уялдаа холбоо, тайлагнах тогтолцооны талаар илтгэл танилцуулав. Панелистаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Монголын эрэгтэйчүүдийн холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн М.Чинзориг нар оролцов.
Энэ үеэр жендэрийн эрх тэгш байдлыг хангах эрх зүйн орчин бүрдсэн ч бодит хэрэгжилт, байгууллагуудын хамтын ажиллагаа, хэрэгжүүлэх, хянах, тайлагнахад давхардал, хийдлийг арилгах, үр дүнтэй тогтолцоог бэхжүүлэхэд чиглэж ажиллах хэрэгцээтэй. Нийгмийн бүлгээр хүний эрх, ялгаварлан гадуурхахгүй байх зарчимтай салшгүй холбоотой бодлогын асуудал хэмээн авч үзэх ёстойг дурдав.

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Б.Баялагмаа хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулсан бөгөөд хүний хувийн мэдээлэл хамгаалах нь үндэсний хэмжээний өргөн хүрээний бодлогын асуудал боловч Комиссын нэгжийн түвшинд хэрэгжүүлж буй өнөөгийн зохицуулалтыг эргэн харах шаардлагатайг хөндөв.
Хэлэлцүүлгийн үеэр цахим орчин дахь хүний эрхийн зөрчил, олон нийтийн сүлжээ болон платформын орчинд зөвшөөрөлгүйгээр мэдээлэл цуглуулах, боловсруулах, түгээх асуудал нэмэгдэж буйг онцлон тэмдэглэв. Оролцогчид дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, өгөгдөлд суурилсан технологийн хэрэглээ нэмэгдэж буй өнөө үед хүний эрхэд суурилсан өгөгдөл хамгааллын тогтолцоог улам бэхжүүлэх, цаашид хараат бус, мэргэшсэн хувийн мэдээлэл хамгаалах байгууллага байгуулах асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэх шаардлагатай гэж үзэв.
Хүний эрхийн судлаач Б.Хишигсайхан хэлэлцүүлгийн дөрөвдэх сэдвийн хүрээнд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм нь хүний эрхийн гомдол шийдвэрлэх чиг үүргээс ялгаатай бөгөөд урьдчилан сэргийлэх, тогтмол хяналт шинжилгээ хийх, зөвлөмж гаргах үндсэн үүрэгтэй болохыг онцоллоо.

Чиглүүлэгчээр Хүний эрхийн Үндэсний Комиссын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир ажиллаж, Панелистаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Хуульч, судлаач Б.Төрболд нар оролцлоо.

Гомдол хүлээн авах, халдашгүй байх эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өргөн хүрээний үйл ажиллагааг Хүний эрхийн Үндэсний Комиссоос чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлдэг бөгөөд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэн нэгжтэй харилцан мэдээлэл солилцох, үр нөлөөтэй, нэгдмэл ажиллах хэрэгцээтэй болохыг ооролцогчид хөндөв.
Мөн хүний эрхийн тулгамдсан асуудал, зөрчил гарсан тохиолдолд ХЭҮК-ыг гол хариуцагч байгууллага гэж үзэх хандлага олон нийт болон шийдвэр гаргагчдын дунд түгээмэл байгаа нь хүний эрхийн үндэсний тогтолцооны талаарх ойлголт хангалтгүйг харуулж байна хэмээн тодотгов.

НҮБ-ын Парисын зарчимд нийцэхгүй чиг үүргийг Комисст өгөхгүй байх, хуулиар тодорхойлсон тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх хүний нөөц, санхүү, байгууллагын чадавхыг харгалзан үзэх, хүний эрхийн үндэсний байгууллагын нэгдмэл байдлыг харгалзан үндсэн тогтолцоон дунд асуудлыг авч үзэх шаардлагатайг тэмдэглэсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, зөвлөмжүүд нь хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх, Хүний эрхийн Үндэсний Комиссын тусгай чиг үүрэг, мандатын хэрэгжилтийг сайжруулахад хувь нэмэр оруулах юм.

Цаашид Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монголын Эмнести Интернэшнл ТББ-тай хамтран энэхүү цуврал хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

