Гомдол
Увс аймгийн 300 гаруй төрийн албан хаагч хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлээ

Увс аймгийн 300 гаруй төрийн албан хаагч хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлээ

2026.04.20 128
Сонсох

"Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд хүний эрхийн асуудлаар төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулж, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд хүний эрхийн чиглэлээр “кино хэлэлцүүлэг” өрнүүллээ.

Тодруулбал ️Увс аймгийн төрийн байгууллагын нийт 388 удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан хамрагдсан уг сургалтаар хүний эрхийн хэрэгжилтэд хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг үзүүлэх мэдлэг, ойлголт хүргэхийг зорилоо.

Сургалтыг Комиссын дарга, доктор Д.Сүнжид нээж, хэлсэн үгэндээ хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоож, илрүүлэхэд хамгийн үр дүнтэй арга нь хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаа гэдгийг онцлоод, оролцогчдод талархал илэрхийлэн хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллагын үйл ажиллагаа, “Нээлттэй өдөр” арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн, хуулиар хүлээсэн хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх төрийн үүргийн хэрэгжилтэд ахиц дэвшил гарч байгааг сайшаахын зэрэгцээ бүх шатны төрийн байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан хаагчид чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаж, хүний эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэхэд алхам тутамдаа анхаарч ажиллахыг хүслээ.

Энэ үеэр Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат “Хүний эрхийн төлөө хамтдаа” арга хэмжээний ач холбогдлыг оролцогчдод сануулж, бүх шатны төрийн байгууллагын удирдах, гүйцэтгэх албан хаагчдад хүний эрхийн мэдлэг ойлголт чухлыг тодотгов. Мөн төрийн үйлчилгээг бид хүртээмжтэй хүргэхийн тулд зорилтот бүлгийн ялгаатай хэрэгцээг ямагт санаж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай хэмээн онцоллоо.

Сургалтын хүрээнд ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр, референт Ц.Рэнцэндулам “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах төрийн байгууллага, албан тушаалтны нийтлэг үүрэг”, референт О.Тодбулаг “Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн албаны үйл ажиллагаа, Ажлын байрны дарамт, хүчирхийлэл хүний эрхийн зөрчил болох нь” сэдвээр мэдээлэл өглөө.

Мөн энэ удаагийн “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд Боловсролын салбар дахь хүүхдийн эрх, хамгаалал сэдвээр ерөнхий боловсролын сургуулийн захирал, эрхлэгч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, нийгмийн ухааны багш нар нийт 45 хүнд сургалт зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 45 сурагчид хүний эрхийн ойлголтыг богино хэмжээний кино хэлэлцүүлгээр дамжуулан хүргэлээ.

Богино хэмжээний кино үзсэний дараа сурагчид өөрт төрсөн сэтгэгдэл, үзэл бодлоо илэрхийлж, хүний эрхийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.