Гомдол
Хяналт шалгалтын үр дүнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхээр Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлнэ

Хяналт шалгалтын үр дүнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхээр Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлнэ

2026.04.23 55
Сонсох

Завхан аймагт зохион байгуулагдаж буй “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд  батлагдсан удирдамжийн дагуу Монгол Улсын Консерваторын харьяа Завхан аймаг дахь Х.Билэгжаргалын нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар сурч боловсрох эрхийн хүрээнд сургуулийн орчин, сургалтын үйл ажиллагаа, цахим технологийн нэвтрүүлэлт, суралцагчдыг дэмжих бодлого, сургуулийн орчны аюулгүй байдал, сургалтын хэрэглэгдэхүүн, материаллаг баазад үнэлгээ хийж, багш, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хүрээнд дотоод журам, эрх зүйн актууд, хүний нөөцийн ил тод байдал, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бодлого, сургалт, мэдээллийн хүртээмжид дүн шинжилгээ хийв.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль, жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр ажил олгогчийн үүргийн хэрэгжилт, багш, ажилчдын сахилгын болон ёс зүйн хариуцлага, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг шалгаж ажиллалаа. Тус хяналт шалгалтын үр дүнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхээр Комиссын гишүүний зөвлөмжийг хүргүүлэхээр болов.

Тус коллеж нь анх 1987 онд байгуулагдсан. 2025-2026 оны хичээлийн жилд 3 тэнхим, 41 багш, бакалавр, мэргэжлийн болон техникийн боловсрол, ерөнхий боловсролын нийт 205 оюутан, суралцагчтайгаар 3 байранд үйл ажиллагаа явуулж байна. Хичээлийн нэгдүгээр байр нь 2011 онд ашиглалтад орсон, 3 давхар, нийт 2455 м.кв талбай бүхий хөгжмийн боловсролын сургуулийн зориулалттай баригдсан байна. Хичээлийн хоёрдугаар байр болон дотуур байрны барилга нь 1971 онд баригдсан, тус бүр 2 давхар, нийт 1226 м.кв талбай бүхий дотуур байрны зохион байгуулалттай баригдсан бөгөөд ашиглалтад орсноос хойш 54 жил болсон байна.

Тус хоёр барилга нь дээврээс ус гоожиж, дотор монтажид нэвчсэн учир монтажийг бүрэн солих, дээврийн их засвар хийх, цэвэр бохир усны сантехникийн шугам сүлжээг бүрэн шинэчлэх зэрэг барилгын насжилтаас үүдэн гарч буй тулгамдсан асуудлууд байна.

Түүнчлэн ажлын хэсэг шалгалтын хүрээнд Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны үйл ажиллагаа, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан ажиллав.