Гомдол
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын хуралдаанд илтгэгчээр оролцлоо

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын хуралдаанд илтгэгчээр оролцлоо

2026.06.02 65
Сонсох

Вена, 2026 оны 5 дугаар сарын 29

Комиссын гишүүн Г.Нарантуяа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Аюулгүй байдлын хорооны хуралдаанд илтгэгчээр оролцож, “Цахим орчинд хүчирхийллийг өдөөх экстремизмээс сэргийлэх нь: алгоритм, хувьсан буй технологи ба сөрөн тэсвэрлэх чадавхи” сэдвээр байр сууриа илэрхийллээ.

Тэрээр 2023-2025 онд явуулсан “Хүний эрх ба цахим технологи” олон нийтийн хяналт шалгалтын үр дүнд үндэслэн, Монгол Улс экстремизмийн өндөр эрсдэлтэй улс биш боловч цахим хэрэглээ өндөртэй ардчилсан, нээлттэй нийгмийн хувьд эрсдэлийг урьдчилан харж, хүний эрхэд суурилсан зохицуулалт, институцийн чадавх, үндэсний эв нэгдлийг бусниулах эрсдэл бүхий ухуулга, сурталчилгааг сөрөн тэсвэрлэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.

Комиссын гишүүн Г.Нарантуяа илтгэлдээ цахим орчны эрсдэлийг хэт өргөн хүрээтэй, цензурын шинжтэй арга замаар бус, харин хүний эрхэд нийцсэн, хууль ёсны, зайлшгүй, зохистой, ил тод, хяналттай зохицуулалтаар шийдвэрлэх шаардлагатайг тэмдэглэв. Тухайлбал, үзэн ядалтыг өдөөх, нийгмийн бүлгүүдийг талцуулах контентыг илрүүлж, хязгаарлах стандартыг НҮБ-ын Рабатын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийцүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлахгүй байх тодорхой шалгуур боловсруулах шаардлагыг “Хүний эрх ба цахим технологи” олон нийтийн хяналт шалгалтын мөрөөр Засгийн газарт хүргүүлсэн Комиссын зөвлөмжид тусгасан. 

Мөн платформууд Монгол хэрэглэгчдийн контентын зохицуулсан талаарх тайлангаа монгол хэлээр нийтлэх, гомдол гаргах, зөрчилдсөн эрхээ сэргээх арга замыг тодорхой мэдээлэх, цахим гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын хүний нөөц, техник тоног төхөөрөмж, мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэх, эмзэг бүлгийн иргэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө орон нутгийн хүн амд зориулсан цахим аюулгүй байдлын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагыг онцоллоо. 

Цахим орчин дахь туйлшрал нь контент бэлтгэх, түгээхээс өргөн хүрээтэй бөгөөд нийгмийн бүлэгт хамаарах хүний сэтгэл зүйн хэрэгцээ, бухимдал, ганцаардал зэрэг сэтгэл хөдлөлийг олзолж, тодорхой агуулгаар байнга бөмбөгдөж, тодорхой итгэл үнэмшил аажмаар бий болгоход чиглэсэн зохион байгуулалттай үйл явцыг сэтгэл хөдлөл бүхий контентын хандалт өндөр байх алгоритмийн тохируулга улам идэвхижүүлж, эцэст нь эсрэг үзэл бодолтой хүмүүс бол “хортой, эвлэршгүй” гэх итгэл, талцлыг бий болгож буй үзэгдэл юм. Иймээс цахим орчны аюулгүй байдлыг хангах бодлого нь зөвхөн хортой контентийг устгахад бус платформын дизайн, ил тод байдал, хариуцлагыг хангах, хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ байнга явуулах, хүүхэд болон нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах, олон нийтийн мэдээллийн боловсрол, итгэлцлийг нэмэгдүүлэх, хараат бус сэтгүүл зүй, баримт шалгах механизмийг хөгжүүлэх цогц үйл ажиллагаа байх ёстойг Комиссын гишүүн илтгэлдээ онцоллоо.

ЕАБХАБ нь Европ, Хойд Америк, Азийн 57 оролцогч улсаас бүрдэх, аюулгүй байдал, энх тайван, ардчилал, хүний эрхийг улс төрийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаар дэмжих зорилготой, бүс нутгийн аюулгүй байдлын байгууллага юм. Тус байгууллагын даргалагч улсаар 2026 онд Швейцарь Улс, ЕАБХАБ-ын Аюулгүй байдлын хороог Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс ажиллаж байна. Аюулгүй байдлын хороо нь ЕАБХАБ-ын хүрээнд оролцогч улсууд аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар санал солилцдог чухал орон зай юм.

Илтгэлийг Англи хэлээр бүрэн эхээр нь эндээс уншина уу.