Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан Цагдаагийн ерөнхий газар болон Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан Институт, Хүний Эрхийн Газартай хамтран Цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад “Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалт 2026 оны 5 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Сургалтыг нээж, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор Б.Энхболд, ЕАБХАБ-ын АИХЭГ-ын хүний эрхийн зөвлөх, хатагтай Анете Эрдмане, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл үг хэлж, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг хангах нь ардчилсан нийгмийн суурь үнэт зүйл болохыг онцоллоо.

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд хэлсэн үгэндээ тайван жагсаал, цуглаан хийх эрх нь ардчилсан нийгмийн суурь эрх чөлөөний нэг бөгөөд энэ эрхийг хэрэгжүүлэх явцад төрийн байгууллага, ялангуяа хууль сахиулах байгууллагын үүрэг, хандлага, ажиллагааны арга барил чухал нөлөө үзүүлдэг. Иймээс уг сургалт нь цагдаагийн алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ур чадвар, мэргэжлийн хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн практик ач холбогдолтой юм.
Энэхүү сургалтыг анх 2022 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн ерөнхий газар болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институтийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан.
Уг сургалт хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа нь талуудын хамтын ажиллагаа тогтвортой үргэлжилж байгааг харуулж байна.

Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн ерөнхий газар болон ODIHR-ын хамтын ажиллагаа нь нэг удаагийн сургалт, арга хэмжээгээр хязгаарлагдах бус, хүний эрхийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, хууль сахиулах байгууллагын хүний эрхэд суурилсан үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн чухал түншлэл юм хэмээн онцоллоо.

Сургалтын хөтөлбөрийг Ардчилсан Институт Хүний Эрхийн Газар (АИХЭГ)-аас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн туршлагууд дээр үндэслэсэн боловсруулсан бөгөөд тус газраас эрхлэн гаргасан “Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад баримтлах хүний эрхийн гарын авлага”-д тулгуурлан оролцогчдод мэдлэг олгох юм. Гарын авлага: (дараах холбоосоор үзнэ үү: http://www.osce.org/odihr/226981).
АИХЭГ-ын сургагч багш нар нь ЕАБХАБ-ын бүс нутагт хүний эрхийн чиглэлээр сургалт зохион байгуулж, жагсаал цуглаанд мониторинг хийж байсан туршлагатай, нийтийн хэв журам сахиулах чиглэлээр 30 гаруй жил ажилласан төдийгүй цагдаагийн байгууллагын шинэчлэлийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгч ажилладаг мэргэжилтнүүд юм.
Сургалтыг ЕАБХАБ-ын АИХЭГ-ын хүний эрхийн зөвлөх, хатагтай Анете Эрдмане, ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Хэв журам сахиулах асуудлаарх олон улсын зөвлөх, ноён Гари Уоаит нар удирдан явуулж байна.
Тус сургалтад Улаанбаатар цагдаагийн хүрээний 16 анги, байгууллагын 44 удирдах албан хаагч хамрагдаж байгаа юм.
