Гомдол
НҮБ-ын хараат бус шинжээч Грэм Рейдыг хүлээн авч уулзлаа

НҮБ-ын хараат бус шинжээч Грэм Рейдыг хүлээн авч уулзлаа

2026.05.19 77
Сонсох

Өнөөдөр (2026.05.19) Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд Бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийллийн асуудал хариуцсан НҮБ-ын хараат бус шинжээч Грэм Рейд болон холбогдох албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хараат бус шинжээч Грэм Рейдийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд Комиссын дарга, гишүүд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний өнөөгийн нөхцөл байдал, байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийн талаар товч танилцуулж, бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийллийн улмаас үүсэж буй хүний эрхийн зөрчил, нийтлэг ирүүлдэг гомдол, мэдээллийн талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2012 онд хийсэн “Бэлгийн цөөнхийн эрхийн хэрэгжилт” судалгааны үр дүнг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэлд тусгасан бөгөөд жил бүрийн илтгэлийн холбогдох сэдвийн хүрээнд бүлгийн эрхийн хэрэгжилтийг тусгаж, шийдэх санал, зөвлөмжийг дэвшүүлж байдаг болохыг илэрхийлэв. 

Мөн нийгэм дэх сөрөг хэвшмэл ойлголтыг бууруулах, хүний эрхийн боловсролыг түгээх, төрийн байгууллага, хууль сахиулах байгууллагын албан хаагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр Ялгаварлан гадуурхалтыг эсрэг сэдвээр Комисс манлайлан хэрэгжүүлж буй сургалт, нөлөөллийн ажлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.  Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих нь” төслийг 21 аймагт хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд хүний эрхийн, тэр дундаа зарим зорилтот бүлэгтэй ажиллах арга зүй, сургалтын  үзэл баримтлал, агуулга, арга зүйг хууль сахиулах сургалтын байгууллагуудын сургалтын үйл явцад бүрэн хэвшүүлж, ахлагч, офицер, удирдах ажилтан бэлтгэх бүх түвшний хөтөлбөрт тусгаж, тодорхой кэйс, практик жишээтэй ажиллаж буйг Комиссын зүгээс тодотгов.

Нөгөө талаас ноён Грэм Рейд болон албаны төлөөлөл Монгол Улсад бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийлэлтэй холбоотой хүний эрхийн нөхцөл байдал, хууль хэрэглээний бодит байдал, ялгаварлан гадуурхалтын эсрэг авч буй арга хэмжээ, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар тодруулан асуулт асууж, санал солилцон ярилцлаа. Ялангуяа хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Эрүүгийн хуулийн 14.1 дэх ялгаварлан гадуурхах гэмт хэрэг, иргэний,  захиргааны эрх зүйн харилцаанд ялгаварлан гадуурхсан зөрчлийг шийдвэрлэх хууль тогтоомжийн зохицуулалт, практик хэрэглээний талаар нарийвчилсан мэдээлэл солилцлоо.

Уулзалтад ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Б.Энхболд, С.Дондов,  Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн референт Н.Золжаргал, Гадаад хамтын ажиллагааны тасгийн референт А.Амарбаясгалан нар оролцов.

Нөгөө талаас НҮБ-ын хараат бус шинжээч  Грэм Рейд болон  НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын Тусгай процедурын хэлтсийн Хүний эрхийн мэргэжилтэн  Кришнан Рагхаван болон бусад төлөөлөгчид оролцов. Тэрбээр бэлгийн чиг баримжаа болон жендэрийн баримжаатай нь холбоотой үйлдэгдэж байгаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдээлэл цуглуулж, шийдвэрлэх асуудлуудыг тодорхойлж, гарц шийдэл дэвшүүлэх, Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бусад талуудад зөвлөмж боловсруулж, уламжлахыг зорьж байгаа юм.