Гомдол
Завхан аймгийн Засаг даргад Орчны хүртээмжийг нэмэгдүүлэх талаар Зөвлөмж хүргүүлэв

Завхан аймгийн Засаг даргад Орчны хүртээмжийг нэмэгдүүлэх талаар Зөвлөмж хүргүүлэв

2026.05.12 73
Сонсох

Завхан аймгийн төрийн байгууллагуудын барилга байгууламж, үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй эсэхэд дүн шинжилгээ хийж Завхан аймгийн Засаг даргад Комиссын гишүүний Зөвлөмж хүргүүлэв

Санамж: Энэхүү тойм нь олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.

Огноо: 2026.04.13

Дугаар: 04/32

Төлөв:Хэрэгжилтийг тайлагнах хугацаа болоогүй.

Дүн шинжилгээний агуулга: Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтэс, Хөдөө аж ахуйн газар, Нийтийн Номын сан, Насан туршийн боловсролын төв, буюу Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Нийгмийн даатгалын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар, Шүүхийн тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Прокурорын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Авто тээврийн төв, Улиастай сумын 3 дугаар сургууль, Улиастай сумын Дэвшил сургууль, Улиастай сумын 4 дүгээр сургууль, Улиастай сумын 2,  4, 7 дугаар цэцэрлэг зэрэг 24 байгууллага хамрагдсан.

Дүгнэлт: Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн амьдралд бие даан оролцох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн оролцооны талаар явуулж буй үйл ажиллагааг дараах байдлаар дүгнэлээ. Үүнд:

Барилга байгууламжийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй болгох арга хэмжээ, MNS6055:2009 “Иргэний барилгын төлөвлөлт хөгжлийн бэрхшээлтэй иргэний шаардлагыг тооцсон орон зай, орчин” стандартын хэрэгжилт хангалтгүй байна.

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, мэдээллийн хүртээмжийг сайжруулах арга хэмжээ эхлэл төдий, хүртээмж муу байна. Цахим мэдээллийн хүртээмж хангалтгүй, энэ талаарх байгууллагуудын ойлголт муу байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжих арга хэмжээний бодитой, урт хугацааны үр дүн хангалтгүй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, нийгмийн хүртээмж, оролцооны талаар төрийн албан хаагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна.

Зөвлөмж: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын адил бие даан амьдрах нөхцөлийг бий болгох, үүний тулд төрийн байгууллагын үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн оролцоог дэмжих үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байх тул (MNS6055:2009 "Иргэний барилгын төлөвлөлт хөгжлийн бэрхшээлтэй иргэний шаардлагыг тооцсон орон зай, орчин", МNS 6056:2009 "Явган иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар" стандартуудыг таниулах, хэрэгжилтийг хангах талаар дараах арга хэмжээ авах талаар Комиссын гишүүний зөвлөмжийг өгсөн. Үүнд:

1. Аймаг , сумын төрийн болон орон нутгийн өмчийн барилга байгууламж, зам талбай, үйлчилгээний хүртээмжид иж бүрэн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах, орчны хүртээмжийг үе шаттай нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргах;

2. 2026 онд багтаан орчны хүртээмжийг нь сайжруулах аймгийн төвийн барилга байгууламж, зам талбай, үйлчилгээг тодорхойлж дариу хэрэгжүүлэх  ;

3. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэ, бодитой үр дүнг үнэлж, цаашид авах арга хэмжээг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурдаар хэлэлцэж шийдвэр гаргуулах;

4. Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах эрх, контентын хүртээмжийн удирдамжийн талаарх мэдлэг олгох сургалтад төрийн албан хаагчдыг хамруулах;

Зөвлөмжийн биелэлт: Хэрэгжилтийг тайлагнах хугацаа 2026 оны 06 дугаар сарын 13-ны өдөр бөгөөд  60 хоногийн хугацаанд Зөвлөмжийн хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын талаар хариу ирүүлэхийг аймгийн Засаг даргад Зөвлөсөн.