Гомдол
Хяналт шалгалтын үр дүнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхээр Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлнэ

Хяналт шалгалтын үр дүнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхээр Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлнэ

2026.04.24 74
Сонсох

Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж буй “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан удирдамжийн дагуу АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв.

Хяналт шалгалтаар сурч боловсрох эрхийн хүрээнд сургалтын орчин, үйл ажиллагаа, аюулгүй байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлж, багш, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хүрээнд хөдөлмөрийн харилцааг зохицуулах журам, эрх зүйн актууд, хүний нөөцийн ил тод байдал, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бодлого, мэдээллийн хүртээмжид дүн шинжилгээ хийв.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль, жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр ажил олгогчийн үүргийн хэрэгжилт, багш, ажилтнуудын сахилга, ёс зүйн хариуцлага, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг шалгалаа.

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль нь 1967 онд Анагаах ухааны дунд сургууль нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 59 жилийн хугацаанд 10.076 эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэн гаргасан бөгөөд Баруун бүсийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч нарын 60 хувь, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын 85 хувь, сувилагч нарын 95 хувь нь тус сургуулийн төгсөгчид байна.

2025–2026 оны хичээлийн жилд 6 алба, 4 тэнхим, ерөнхий боловсролын ахлах сургуультайгаар нийт 70 багш, ажилтаны бүрэлдэхүүнтэй, хүний их эмч, сувилахуй дэд бакалавр, сувилахуйн бакалавр, лабораторийн техникч, эх барихуй, эм найруулагч хөтөлбөрөөр 1.005 оюутан, лицей сургуульд 57 суралцагчтайгаар 3 байранд үйл ажиллагаа явуулж байна. Оюутны 1, 2 дугаар дотуур байранд нийт 270 оюутан амьдарч байна. Дотуур байрны нэгдүгээр барилга нь 2.881 м2 талбайтай 3 давхар, 1992 онд ашиглалтад орсон 200 оюутан хүлээн авах хүчин чадалтай. Ашиглалтад орсноос хойш их засвар хийгдээгүй байна. Дотуур байрны хоёрдугаар барилга нь 1650 м2 талбайтай 2 давхар, 1971 онд ашиглалтад орсон бөгөөд тус сургуулийн хичээлийн хуучин байрны зориулалтыг өөрчлөн оюутны дотуур байрны зориулалтаар ашиглаж байна. Гэвч ашиглалтын хугацаа дууссан тул Аймгийн Онцгой байдлын газар, ЗДТГ, ГХБХБГ-т тус тус холбогдох дүгнэлтийг гаргуулахаар санал хүргүүлсэн байна.

Мөн тус сургуулийн зүгээс 2027 оны улсын төсөвт 300 ортой оюутны шинэ байр бариулах саналыг АШУҮИС-ийн Санхүүгийн албаар дамжуулан өгсөн байна.

Тус сургуулийн хичээлийн шинэ байр нь 5.8 тэрбум төгрөгийн өртөгтэй, 960 оюутны суудалтай, 5.000 м2 талбайтай, 4 давхар барилга 2020 оны 11 сард ашиглалтад орсон бөгөөд чанаргүй баригдсан учир ашиглалтад орсноос хойш байнга урсгал засвар хийгдэж иржээ.

Сургуулийн дэргэд уламжлалт анагаахын 5 ортой эмнэлэг, эмнэлзүйн лаборатори, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүд, мэдрэл судлал, дотрын амбулатори ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Хяналт шалгалтын үр дүнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхээр Комиссын гишүүний Шаардлага, зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлнэ. Түүнчлэн ажлын хэсэг шалгалтын хүрээнд Говь-Алтай аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтэс, Телекамерын хяналтын төв, Цагдаагийн газар, Түр хамгаалах байр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны үйл ажиллагаа, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан ажиллав.