Ус, цаг уур, орчны шинжилгээний төв нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиг үүргийг хэрэгжүүлж буй байгууллага бөгөөд ус, цаг агаар, байгаль орчны төлөв байдалд байнгын хяналт шинжилгээ хийж, бодит болон урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллээр нийгмийн хэрэгцээг шуурхай хангах, байгалийн болзошгүй гамшгийн эрсдлээс сэрэмжлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Иймд тус байгууллагын албан хаагчдын хүний эрх, тэр дундаа жендэрийн мэдрэмжтэй хандлагыг бэхжүүлэх нь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрх тэгш байдлыг хангахад ач холбогдолтой юм. Ус, цаг уур, орчны шинжилгээний төв нь жилд 1-2 удаа хүний эрхийн сургалтыг Комисстой хамтран зохион байгуулдаг бөгөөд 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Хүний эрх ба жендэр” сэдэвт сургалтыг явууллаа.

Сургалтыг Комиссын референт Б.Золжаргал удирдан явуулж, жендэрийн тухай үндсэн ойлголт, хүний эрх ба жендэрийн харилцан хамаарал, жендэрийн хэвшмэл ойлголт, эрх тэгш байдал, жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтын хэлбэрүүд, мөн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Түүнчлэн оролцогчдод төрийн байгууллагын үйл ажиллагаанд жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхийн ач холбогдлыг онцлон танилцуулж, харилцан санал солилцлоо.
Сургалтад нийт 17 албан хаагч хамрагдсан байна.