Гомдол
Комисс дотоод орчны агаарын чанартай холбоотой асуудалд тогтмол хяналт тавин ажиллаж байна

Комисс дотоод орчны агаарын чанартай холбоотой асуудалд тогтмол хяналт тавин ажиллаж байна

2026.04.04 227
Сонсох

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлдэг.

2024 онд ХЭҮК Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал” бүлгийн хүрээнд нийт 14 санал тусгаж, УИХ-д хүргүүлсэн.

Уг илтгэлийн мөрөөр батлагдсан УИХ-ын 2024 оны 37 дугаар тогтоолд "Бүх шатны боловсролын сургалтын байгууллага, дотуур байрны гадаад болон дотоод орчны аюулгүй байдлын стандартыг хангуулах, боловсролын байгууллагын барилга, өргөтгөлийн ажилд төр, иргэний хамтарсан хөндлөнгийн хараат бус хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх" асуудлыг тусган, хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

Түүнчлэн Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдвээр Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулагдах хүрээнд болсон урьдчилсан хэлэлцүүлгүүдэд төрийн байгууллагууд мэдээлэл танилцуулж, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Ерөнхий хяналтын сонсголд танилцуулсан мэдээлэл, тоо баримтаас үзэхэд Комиссын 23 дахь илтгэлд дүгнэсэн дотоод орчны агаарын бохирдол, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилттэй холбоотой тулгамдсан асуудлууд бүрэн шийдвэрлэгдээгүй, тодорхой ахиц дэвшил гараагүй хэвээр байсан. 

Иймд дээрх тогтоолд тусгагдаагүй асуудлаар 2025 онд Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний үндэсний хороо (хуучнаар), Гаалийн ерөнхий газрын дарга, Стандарт, хэмжил зүйн газрын дарга зэрэг холбогдох 7 байгууллагын удирдлага, албан тушаалтанд Комиссын гишүүний зөвлөмжийг хүргүүлсэн ажилласан.

Комисс нь дотоод орчны агаарын чанартай холбоотой асуудлыг тогтмол анхааралдаа авч, бодлогын түвшинд дэвшүүлэн тавьж ирсэн боловч хэрэгжилтийн явц хангалтгүй байгаа тул холбогдох төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хариуцлагыг нэмэгдүүлж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байна.

БОЛОВСРОЛЫН САЙДАД ХҮРГҮҮЛСЭН ЗӨВЛӨМЖИЙН АГУУЛГА:  

Огноо: 2025.03.24  

Дугаар: № 01/21 

Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурлын 2024 оны 37 дугаар тогтоолд тусгагдаагүй асуудлаар дараах зөвлөмжийг хүргүүлж байна. 

Үүнд:  

Дотоод орчны агаарыг бохирдуулагч эдгээр эх үүсвэрүүдээс бий болсон нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор, дэгдэмхий органик нэгдлүүд зэрэг бохирдуулагч бодисууд нь арьс, амьсгалын замаар хүний биед нэвтэрч уушгины хатгалгаа, бага жинтэй төрөлт, уушгины хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог. Барилгын материал, дотоод засал чимэглэлд ашиглаж буй материал болон бусад эд зүйлсээс барилгын дотоод орчинд ялгарч агаарыг бохирдуулдаг олон хортой дэгдэмхий органик нэгдлүүд байдаг.  Тухайлбал, цетон, метил, бензол, үнэрт нүүрстөрөгчид, альдегид, кетон зэрэг нэгдлүүд үүсдэг ба эдгээр нь хурц нөлөөлөл буюу нүд загатнах, амьсгалын замын эмгэг, толгой өвдөх, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд үүсгэдэг бол архаг нөлөөлөл буюу элэг, бөөр, цусны эргэлтийн болон төв мэдрэлийн тогтолцоог гэмтээх сөрөг нөлөөлөл үзүүлдэг байна.

2024 оны “Өрхийн дотоод орчны агаарын чанар бохирдуулагч хийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө” судалгаагаар бензол, формальдегид зэрэг дэгдэмхий органик нэгдлийн хэмжилтийн үр дүнг үндэслэн дотоод орчны агаарын бохирдолд 0-4 хүртэлх насны хүүхдүүд илүүтэй өртөх болон тодорхой хугацааны дараа хавдар үүсэх эрсдэлтэй гэсэн тооцооллыг гаргасан байна. 

“Дэлхийн улс орнууд дахь дотоод орчны агаарын чанарын удирдамж: Эрчим хүчний хэмнэлт, эрүүл мэнд, бүтээмжийн үнэлгээ” олон улсын 2023 оны судалгаагаар Монгол Улс дотоод орчны агаарын чанарын стандартгүй, хяналтгүй байгааг тогтоож, дотоод орчны түгээмэл бохирдуулагчид, дэгдэмхий органик нэгдлийг хянахыг зөвлөжээ. 

1. 2021 оны “Сургууль, цэцэрлэгийн агааржуулалтын системийн төлөв байдлын үнэлгээ”-гээр агааржуулалтын систем ажилладаггүй, дулаан алдалт үүсдэг, хийцийн чанар, аюулгүй байдал алдагдсан гэж дүгнэсэн.  

2. Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд нийт 51 сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа нь суралцагчдын эрүүл мэндэд эрсдэл учруулж байна.  

3. Шинээр баригдсан, засвар хийгдсэн барилгын лакадсан материал, хулдаас, цавуунаас ойролцоогоор 6 сарын турш химийн нэгдлүүд ялгардаг учраас орон байрны агаарт дэгдэмхий органик нэгдлийн агууламж өндөр байдаг бөгөөд эдгээр нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. 

Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, хяналт тавих талаар дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Үүнд: 

1. Боловсролын сургалтын байгууллага, дотуур байрны дулаалга, их болон урсгал засварын ажлыг хичээлийн шинэ жил эхлэх өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө дуусгахаар зохион байгуулах;  

2. Боловсролын сургалтын байгууллага, дотуур байрны агаарын чанарыг тогтмол хэмжиж, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулж, олон нийтэд мэдээлж хэвших;  

3. Боловсролын сургалтын байгууллага, дотуур байрны агааржуулалтын системийг сайжруулах, мөн агаар шүүгч, агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх.  

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАД ХҮРГҮҮЛСЭН ЗӨВЛӨМЖИЙН АГУУЛГА:   

Огноо: 2025.03.24 

Дугаар: № 01/16 

Үүнд:  

1. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүрээнд агаар, орчны бохирдлоос хүн амыг хамгаалах талаар үр нөлөөтэй хариу арга хэмжээ авах бодлого, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх;  

2. Дотоод орчны агаарын чанарын суурь үзүүлэлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартад нийцүүлэн холбогдох яамтай хамтран боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;  Хүний эрүүл мэнд, байгаль орчинд барилгын материал сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа эсэхэд холбогдох яамтай хамтран хяналт тавьж, стандартыг хэрэгжүүлж ажиллах;   

3. Бүх шатны эрүүл мэндийн байгууллагад агаар шүүгч, агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх;  

4. Хүний эрүүл мэндэд агаар, орчны бохирдлоос үзүүлэх нөлөөллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартад тусгасан үзүүлэлтүүдийн дагуу судалж, судалгааны үр дүнгийн мөрөөр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;  

5. Агаар, орчны бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг олон нийтэд тогтмол, хүртээмжтэй хүргэж, үр нөлөөг үнэлж хэвших;   

Хувийг: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа,  Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар нар Танаа  

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДАД ХҮРГҮҮЛСЭН ЗӨВЛӨМЖИЙН АГУУЛГА:   

Огноо: 2025.03.24 

Дугаар: № 01/17 

Үүнд: 

1. Дотоод орчны агаарын чанарын суурь үзүүлэлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартад нийцүүлэн холбогдох яамтай хамтран боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;  

2. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд барилгын материал сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа эсэхэд хяналт тавьж, стандартыг хэрэгжүүлж ажиллах;   

3. Барилга байгууламжийн дотоод орчны агаарын чанар, агаар сэлгэлтийн системийн зураг төсөл төлөвлөлт, угсралт, хүлээж авах бүх шатны ажлын гүйцэтгэлд тавих  хяналтыг сайжруулах;   

4. Шинээр барих боловсролын сургалтын байгууллага, эмнэлгийн барилгын үйл ажиллагаанд ногоон хөгжлийн бодлого, ногоон барилгын шаардлагыг хэрэгжүүлж, хяналт тавих.   

МОНГОЛ УЛСЫН САЙД, ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГАД / ХУУЧНААР/  ХҮРГҮҮЛСЭН ЗӨВЛӨМЖИЙН АГУУЛГА: 

Огноо: 2025.03.24 

Дугаар: № 01/20 

Үүнд:  

1. Агаар, орчны бохирдлыг бууруулах тухай хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төрийн байгууллагуудын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавих;    

2. Хяналт шалгалтын дүнг үндэслэн хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх.  

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГАД ХҮРГҮҮЛСЭН ЗӨВЛӨМЖИЙН АГУУЛГА:    

Огноо: 2025.03.24 

Дугаар: № 01/19 

Үүнд: 

1. Импортын барилгын материалын эрүүл ахуйн чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах;  

2. Хилийн боомтоор ялангуяа Замын-Үүд, Алтанбулаг боомтоор импортлогдож буй барилгын материалд шинжилгээ хийх, хяналт тавих чадавхыг бэхжүүлэх.