Гомдол
Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах хүрээнд Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллана

Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах хүрээнд Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллана

2026.03.26 74
Сонсох

    Өнөөдөр (2026.03.26) Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид холбогдох албан тушаалтнуудын хамтаар Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, хэвлэлийн төлөөлөгч Б.Цэцэгдэлгэр нарыг хүлээн авч уулзлаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос иргэний улс төрийн үндсэн эрх болох сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтийн асуудлыг 24 дэх илтгэлдээ тусган, 13 зөвлөмж бүхий саналыг Улсын Их Хуралд хүргүүлсэн.

Уг илтгэлийн мөрөөр Улсын Их Хурлын 77 дугаар тогтоол батлагдаж, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар болон Сонгуулийн ерөнхий хороонд тус тус даалгасан.

Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр СЕХ-ноос хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг сонсох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох хүрээнд талууд санал солилцлоо.

Уулзалтын үеэр Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгаа талаар танилцуулсан бөгөөд уг төлөвлөгөөний хүрээнд Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль зэрэг сонгуулийн харилцааг зохицуулсан хуулиудаас гадна сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг, зөрчил, түүнийг шалган шийдвэрлэхтэй холбоотой нийт 6 хуулийн хэрэгжилтийн байдлыг үнэлэхээр ажиллаж байгаа тухайгаа онцоллоо.

Тухайлбал, дээрх төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хэсэгчилсэн үнэлгээ хийсэн байна.

 Үнэлгээний үр дүнд сонгуулийн харилцааг зохицуулсан гурван хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн санал боловсруулж, олон нийтийн саналыг авах зорилгоор www.d.parliament.mn⁠ цахим хуудаст байршуулсан талаар мэдээллээ.

Мөн уулзалтаар Комиссын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гадаад улсад байгаа болон Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа ч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс өөр газарт байгаа иргэн, оюутан, суралцагчид, санал авах өдөр албан үүргээ гүйцэтгэж буй төрийн албан хаагчид, уртын ээлжийн ажилтнууд, үндэстний цөөнх иргэд, цагдан хоригдсон, баривчлагдсан хүмүүс зэрэг тодорхой шалтгааны улмаас саналаа өгөх боломжгүй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хэрхэн хангах асуудлыг онцолж, тодруулан санал солилцоход иргэдийн сонгууль өгөх эрхийг тодорхойлсон агуулга бүхий зохицуулалтыг үнэлж, тулгарч байгаа бэрхшээлийг шийдэх чиглэлээр ажиллаж байгаа тухайгаа танилцууллаа.

Мөн зарим тохиолдолд хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр зохицуулах боломжтой асуудлууд байдаг. Тухайлбал бүртгэлийн ажилтны ур чадвар, чадавхын түвшнээс хамааран иргэдийн санал өгөх боломж хязгаарлагдах нөхцөл байдал үүсэх тохиолдол гарч байсан талаар дурдлаа.

Түүнчлэн талууд цаашид иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, төлөвлөгөө батлах,  сонгогчдын боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Хариуцлагатай сонгогч”  үндэсний хөтөлбөрийг ХЭҮК-ын орон нутаг хариуцсан референтүүдтэй хамтран хэрэгжүүлж, 21 аймаг, сумдад хүрч ажиллах зэрэг асуудлаар харилцан тохиролцов.