Complaint
Хөдөлмөр эрхлэлт ба Эмэгтэйчүүд хэлэлцүүлэг боллоо

Хөдөлмөр эрхлэлт ба Эмэгтэйчүүд хэлэлцүүлэг боллоо

2026.03.09 97
Listen

Дархан-Уул аймагт "Хөдөлмөр эрхлэлт ба Эмэгтэйчүүд" нээлттэй хэлэлцүүлэг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.  

Европын холбооны санхүүжилтээр Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, Дархан-Уул аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, "Бизнес боломж хөгжлийн гүүр" нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагууд хамтран хэрэгжүүлэх "Хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг чадавхжуулах: Дархан-Уул аймагт эрүүл аюулгүй, эрх тэгш ажлын байрны орчныг бэхжүүлэх нь" төсөл хэрэгжиж эхэллээ. 

 "Хөдөлмөр эрхлэлт ба Эмэгтэйчүүд" нээлттэй хэлэлцүүлэгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ "Хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн анхаарах асуудал" сэдвээр, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан "Жендэрийн эрх тэгш байдал-Тогтвортой хөгжлийн үндэс" сэдэв, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын хамтран үүсгэн байгуулагч, хуульч, жендэр, хөгжил судлаач Б.Золзаяа "Хэвшмэл ойлголтыг халж, хандлагыг өөрчлөх", Илтгэх индрийн ирээдүй ТББ-ын үүсгэн байгуулагч Д.Хүрэлбаатар "Өөрчлөлт өөрөөс эхэлнэ" сэдвээр тус тус илтгэлийг хэлэлцүүлж аймгийн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, сорилтын талаар ярилцлаа. 

Мөн тус хөтөлбөрийн хүрээнд Панел хэлэлцүүлэг зохион байгуулагдаж панелист илтгэгч ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир, модератор Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь референт Э.Болортуяа нар  оролцож, хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн анхаарах асуудлууд, хүний эрхийн мэдрэмжтэй ажлын байр, жендэрийн тэгш байдал, асрахуйн эдийн засаг, өөрчлөлтийн эерэг манлайлал зэрэг олон чухал агуулгыг хөндөж, хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд жендэрийн тэгш байдлын панел хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Дашрамд, тус төсөл 2026-2029 онд хэрэгжих бөгөөд Дархан-Уул аймагт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эрүүл аюулгүй, эрх тэгш ажлын байрны орчныг сайжруулахад чиглэнэ.