Гомдол
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар уулзалт зохион байгууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар уулзалт зохион байгууллаа

2026.03.05 87
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлд хүүхэд хамгааллын тогтолцооны асуудлыг тусгахаар төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд Комиссын гишүүн Ж.Хунан, илтгэлийн ажлын хэсгийн зарим гишүүдийн хамт 2026 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Хүүхэд хамгааллын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болох хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн хэрэг, маргаанд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас томилогддог шинжээч, хууль ёсны төлөөлөгчийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, зарим гишүүдтэй уулзаж, санал солилцлоо.

-Комиссын гишүүн Ж.Хунан уулзалтын үеэр, Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулагдсантай холбоотойгоор шүүхийн барилга байгууламж, гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцсэн, хүүхдэд ээлтэй, шуурхай, аливаа дарамт, айдас төрүүлэхгүй, хүүхдийн дуу хоолой, үзэл бодлыг хүндэтгэсэн, аюулгүй байхаас гадна хүүхэд хамгааллын тогтолцооны хүүхэд хамгааллын хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхдийн эрхийн улсын байцаагч, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан зэрэг нэгжүүдийн дүгнэлт, шийдвэрийг ашиглах нь чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.

-ШЕЗ-ийн дарга П.Золзаяа уулзалтын үеэр, Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн зориулалтын барилга, байгууламж байхгүй тул хуучин ашиглагдаж байгаа шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, орчин нөхцөлийг хүүхдэд ээлтэй болгож засварлах зэрэг ажлуудын явцын талаар мэдээлэл өгч, цаашид гэр бүл, хүүхдийн шүүхийн зориулалтын барилгын зураг төслийг шинээр хийлгэх, бариулах төсвийг шийдвэрлүүлэх, шүүгч, шинжээчдийг бэлтгэж, сургахад анхаарч ажиллаж байгаа талаар онцоллоо.

Уулзалтад Комиссын гишүүн Ж.Хунан, ОНХТ-ийн дарга Д.Ёндонжамц, СДШХ-ийн референт Б.Янжмаа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Ч.Баянжаргал, Г.Даваадорж, ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, ЗУХ-ийн Ахлах шинжээч Б.Золзаяа нар оролцлоо.