Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлд хүүхэд хамгааллын тогтолцооны асуудлыг тусгахаар төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд Комиссын гишүүн Ж.Хунан, илтгэлийн ажлын хэсгийн зарим гишүүдийн хамт 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдөр “Хүүхэд хамгааллын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болох хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн хэрэг, маргаанд томилогддог шинжээч, хууль ёсны төлөөлөгчийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдвээр Улсын Дээд Шүүхийн Эрүү болон Иргэний хэргийн танхимын тэргүүн, шүүгчидтэй уулзалт хийлээ. Уулзалтаар,
-Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдаж байгаатай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангаж хамгаалах;
-Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн хэрэг, маргаанд томилогддог шинжээчийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал;
-Хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хангаж, хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.

Уулзалтад Комиссын гишүүн Ж.Хунан, Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, УДШ-ийн шүүгч Ч.Хосбаяр, УДШ-ийн шүүгч Б.Батцэрэн, УДШ-ийн шүүгч Э.Золзаяа, УДШ-ийн шүүгч Н.Батчимэг, Н.Батзориг, Комиссын ОНХТ-ийн дарга Д.Ёндонжамц, ГХШХ-ийн референт Ж.Нарантуяа, СДШХ-ийн референт Б.Янжмаа, ХЭБХ-ийн референт О.Тодбулаг нар оролцлоо.
Хүний эрхийн Үндэсний Комисс хүүхдийн эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулдаг бөгөөд 25 дахь илтгэлийн хүрээнд хүүхэд хамгааллын хамтарсан баг, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, хүүхдийн эрхийн улсын байцаагч, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас томилогддог хууль ёсны төлөөлөгч, хүүхэд, гэр бүлийн маргаанд томилогддог шинжээчийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, үнэлгээ өгөх юм.
Дашрамд дурдахад Комисс Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг тусгайлан судалж, дараах санал, зөвлөмжийг танилцуулсан. Үүнд:
- Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн статистик мэдээллийг нарийвчлан гаргаж, энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, криминологийн дэлгэрэнгүй судалгааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог байгууллагуудын төлөөллийг оролцуулан дэлгэрэнгүй хийх, судалгааны үр дүнг үндэслэсэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилсан сэргийлэх арга хэлбэрийг шинэчлэх;
- Бага насны хүүхдээс бэлгийн таашаал авах (педофил) эмгэгийг тогтоох, шинжилгээ хийх, эмчлэх, тэдэнд хяналт тавих эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
- Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийг хамгаалсан, дахин хохирохоос урьдчилан сэргийлсэн тусгай журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгайлан бий болгох;
- Насанд хүрээгүй болон бага насны хохирогчоос мэдүүлэг авах ажиллагааг мэргэжлийн, бэлтгэгдсэн сэтгэл зүйч эсвэл нийгмийн ажилтнаар ярилцлага хийлгэх замаар дагнан, нэг удаа, чанартай, шуурхай явуулж, үүнийг дуу, дүрсний бичлэгээр баримтжуулж нотлох баримтад тооцох хуулийн зохицуулалтыг бий болгох;
- Хүүхдээс гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн газраас өөр тайван, хүүхдэд аюулгүй, ээлтэй, хүртээмжтэй орчинд авах зохицуулалтыг хийх;
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч хүүхэд заавал өмгөөлөгчтэй оролцох эрх зүйн зохицуулалтыг сэргээх;
- Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд учирсан хохирлыг заавал тодорхойлж, тогтоох, тэр дундаа нөхөн сэргээх, сэтгэл заслын зардлыг хэргийн хамт шийдвэрлэдэг болох, хохирлыг эхний ээлжид төрөөс гаргаж, төр гэм буруутай этгээдээс гаргуулдаг байх зохицуулалтыг хийх;
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхэд хамгааллын тогтолцооны хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхдийн эрхийн улсын байцаагч, хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газрын оролцоог нэмэгдүүлэх;
- Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт гагцхүү мэргэшсэн, тусгайлан бэлтгэгдсэн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, шинжээч, мөрдөгч, прокурор, шүүгчийг оролцуулах.