Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Үндсэн хуулийн боловсролтой иргэн” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан нар нээж, ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ “Хүний эрхийн боловсрол: Хүний эрхийн боловсрол олгох тогтолцоонд ХЭҮК-ын үүрэг” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Комиссын дарга Д.Сүнжид: Хүний эрх нь эрх, үүрэг, хариуцлагын салшгүй нэгдэл бөгөөд өөрийн эрхийг эдлэхийн зэрэгцээ бусдын эрхийг хүндэтгэх, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан биелүүлэх иргэний төлөвшлийг хамтад нь илэрхийлдэг цогц ойлголт. Энэхүү эрх, үүрэг, хариуцлагын нэгдмэл агуулгыг Монгол Улсын Үндсэн хуулиар хуульчлан баталгаажуулж, хүний эрх, эрх чөлөөг хүндлэх, хангах, хамгаалах төрийн үндсэн үүрэг, иргэний эдлэх эрх, хүлээх үүргийн эрх зүйн суурийг тодорхойлсон байдаг. Хүний эрхийн боловсрол нь аливаа зөрчил, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, энх тайвнаар зэрэгцэн орших, ялгаварлан гадуурхалтаас ангид, эрх тэгш байх, оролцоог хангах зэргээр хүн бүрийн үзэл санаа, үнэт зүйл, амьдралын хэв маяг, харилцаанд тусгалаа олдог тасралтгүй суралцдаг үйл явц юм. Үндсэн хуулийн боловсрол-хүний эрхийн боловсролтой салшгүй холбоотой. Аль аль нь зөвхөн сургалтын хөтөлбөр, бодлогын баримт бичгээр хязгаарлагдах ойлголт биш бөгөөд ажил, амьдрал, хөгжих, хөдөлмөрлөх, суралцах үйл явц зэрэг нийгмийн харилцааны бүхий л түвшинд тусаж, өдөр тутмын дадал, соёл болон төлөвших нь чухал болохыг онцоллоо.

Хэлэлцүүлэг нь Бүх нийтийн эрх зүйн боловсрол, Хүний эрхийн нийтийн боловсрол, Үндсэн хуулийн нийтийн боловсрол сэдэвт 3 салбар хуралдаанаар үргэлжилж, оролцогчид санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.




