Гомдол
Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь салбар дундын зөвлөгөөн боллоо

Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь салбар дундын зөвлөгөөн боллоо

2026.01.22 58
Сонсох

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Цагдаагийн ерөнхий газар, хамтран “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” салбар дундын зөвлөгөөнийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа. 

Уг арга хэмжээг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан нээж үг хэлэхдээ, Монгол Улсад хүүхдийн эрх хамгаалах эрх зүйн орчин, дэд бүтэц тодорхой хэмжээнд бүрдсэн хэдий ч хэрэгжилт хангалтгүй, үр дүн гарахгүй байгааг болон хүүхдийн эрхийн ноцтой зөрчил тасралтгүй гарсаар байгаа нь асуудал хариуцсан мэргэжилтэн, байгууллагууд илүү хариуцлагатай, уялдаа холбоотой ажиллах шаардлагатайг байгааг илэрхийлж, хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах асуудлыг тодорхой нэг өдөр дугараад өнгөрөх биш өдөр тутамд анхаарч, хүүхдийн дээд ашиг сонирхол ямагт нэгт гэдгийг анхааруулахын зэрэгцээ аливаа шийдвэр, үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, тэдний дуу хоолойг харгалзах нь ач холбогдолтойг тэмдэглэлээ. 

Түүнчлэн төсөл, хөтөлбөрүүд нь тодорхой хугацаа, төсөв, санхүүжилтийн хязгаартай байдгийг хэлж, хүүхэд хамгааллын асуудал нь зөвхөн сэтгэл, хандлагаар бус бодит зардал, тогтвортой санхүүжилт шаардсан цогц бодлогоор шийдэгдэх ёстой, Монгол Улсын нийт хүн амын гуравны нэгийг бүрдүүлж буй хүүхэд, багачуудын аюулгүй байдал, сайн сайхан байдлыг өнөөдөр хангаж чадахгүй тохиолдолд улс орны ирээдүй, үндэсний аюулгүй байдалд эрсдэл учрахыг онцолж, хүүхэд хамгааллын асуудлыг олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрөөс хэт хараат байлгах бус, хангалттай хэмжээний төсөв, хөрөнгийг улсын төсөвт тогтвортой тусгах шаардлагатайг хэллээ. 

Мөн ХЭҮК-ын судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир “Монгол Улсын хүүхдийн эрхийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл танилцуулж, улсын хэмжээнд хүүхдийн нэгдсэн мэдээллийн сан, иж бүрэн, дэлгэрэнгүй, салбар дундын уялдаа бүхий статистик бүртгэл хийгдээгүй, хүүхдийн хөгжил, хамгааллын төсөв жил бүр нэмэгдэж байгаа ч хүрэлцээгүй, үр дүнгүй , хүүхэд хамгааллын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай үзүүлэх мэргэшсэн, бэлтгэгдсэн хүний нөөц хүртээмжгүй байгаа зэрэг асуудлыг хөндсөн юм. 

Зөвлөгөөнд төр, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн, судлаачид зэрэг 150 гаруй төлөөлөл оролцож, боловсрол болон нийгмийн хамгааллын салбар дахь хүүхэд хамгааллын тулгамдсан асуудал, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж, шийдлүүд, хүүхдийн эрхийн улсын байцаагч, хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдийн чадавх бэхжүүлэх хэрэгцээ, хүүхэд багачуудад зориулан хүний эрхийн сургалт явуулах агуулгын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.