Гомдол
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөнд хүний эрхийг хангах асуудлаар мэдээлэл хийлээ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөнд хүний эрхийг хангах асуудлаар мэдээлэл хийлээ

2026.01.16 60
Сонсох

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Хүний эрхийг хангахад удирдах ажилтнуудын анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийлээ. 

Комисс цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хүний эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэх чиглэлээр сүүлийн таван жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ, хамтын ажиллагааны үр дүнг танилцуулж, жагсаал, цуглааны үеийн хууль сахиулах ажиллагаа, мэдүүлэг авах орчны стандарт, тодорхой бүлгийн хохирогчтой харьцах асуудалд ахиц гарч буйг онцлов. 

Тэрбээр хүний эрхийг хангах нь төрийн үндсэн үүрэг бөгөөд хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа нь халдашгүй байх, шударгаар шүүлгэх, гэм буруугүйд тооцох, хувийн нууцыг хамгаалах зэрэг хүний эрхийн суурь зарчимд нийцсэн байх шаардлагатай бөгөөд хүний эрхийг хязгаарлах тохиолдолд хуульд тусгагдсан, хууль ёсны зорилготой, харьцангуй буюу зохих хэмжээнд байх зарчмыг чанд баримтлах ёстойг дурдлаа. 

Мэдээллийн хүрээнд Комиссоос 2021–2025 онд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын харьяа газар, хэлтэс, ангиудад хийсэн хяналт шалгалт, хүргүүлсэн Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагын хэрэгжилт, хүний эрхийн сургалтын хамрах хүрээ, судалгаа, дүн шинжилгээний үр дүнг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тухайлбал, хүний эрхийн сургалтад сүүлийн гурван жилийн хугацаанд 13 мянга гаруй алба хаагчийг хамруулсан бол хууль тогтоомжийг олон улсын хүний эрхийн стандартад нийцүүлэх чиглэлээр бодит өөрчлөлтүүд хийгдсэнийг хэллээ. 

Түүнчлэн, хэргийг хурдан шуурхай шалгаж, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирогчийн эрхийг ялгаатай хэрэгцээтэй бүлгүүдийн онцлогт нийцүүлэн хамгаалах, алба хаагчдынхаа эрх, хөдөлмөрлөх эрхийг хангах, дотоодын цэргийн байгууллагад дүрмийн бус харилцааг таслан зогсоох, холбогдох УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг бодитоор хангах нь удирдлагын түвшинд чухал байгааг сануулав.